Цэнхэр цас /бэсрэг роман/

ЦЭНХЭР ЦАС

     БЭСРЭГ РОМАН

… Хувь тавилан гэдэг хэн нэгнийхийг өөр нэгнийхээр ажиг сэжиггүйгээр сольж орхихыг хэлдэг мэт…

 Тэрслүү үг 20. 3-т

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Өтгөн саарал хүдэн манан шингэрэн хөөрч, хоёр гурван алхмын цаадах эргэн тойрны бараа тодорч эхлэв. Көксикуль* тэнгисийн мөсөн мандал дээгүүр үе үехэн тэнэмэл салхины өчүүхэн хуйлраа дэгдэж, цэнхэр цасны хялмааг бужигнуулан хөөж одно. Мөч тутамд сийрч нимгэрсээр байх хүдэн манангийн завсар заальхайгаар нарны өчүүхэн зурвас гэрэл сүвлэн гийгүүлэхүйд цэнхэр цасны хялмаанд ойн цацрах ер бусын цацралууд тэс хөлдүү мандлыг нэлэнхүйд нь туяаруулах бөлгөө.

Манант хөндийн шинэ өдөр ингэж эхэлдэг авай. Манангийн хормой дороос үй түмэн зурвас гэрэлд нэвт зүсэгдэн хязгааргүй үргэлжлэх цэнхэр мөсөн далай үзэгдэнэ. Өвөл хавар, зун намрын алинд нь ч газарт хэвтсэн манан хөрөөний ир шиг арсгар сарьдаг уулсын хяр тагт хүртэл хөөрөхөөс нэгэн өдөр тоологдож, жин үдээс хойш манан доошилж, газарт эргэн хэвтэхэд шөнө болж өдөр дуусах авай.

Тиймдээ ч энэ нутгийнхан од мичид, сарыг үл мэднэ. Бүхэл амьдралынхаа турш керчү, оцлайкчууд нэг ч удаа шөнийн эрхсүүдийг харж байгаагүй учир яаж ч мэдэх билээ дээ. Гагцхүү нимгэн саарал манан хүдэнг заримдаа нэвт шувт зүсэн гийх алтан цацрагуудаар нь нарыг баримжаалах бөлгөө.

Манан хүдэн энэ нутгийн цорын ганц хаан нь. Мянган жилийн өмнө ч тэр хаанчилж л байсан. Эдүгээ ч бас хаанчилж л байна. Хойшид ч бас хаанчилсаар байх биз ээ.

 

Нэгдүгээр хэсэг

 

-Амуль, миний дүү сэрээрэй. Хөдлөхгүй бол горьгүй нь. Юу юугүй цас шамаргалаад эхэлнэ. Манан хэвтэхээс өмнө амжиж жаахан газар дөхөхгүй бол оройтно шүү. Үгүй ээ, чи сонсож байна уу? Амуль аа... хэмээснээ их л уцаарлангуйгаар,

-Түй. Энэ хэдэн зарийн туур бүр хэцүүдэж гүйцжээ гэх идэрмэг насны хөвүүний дуу шингэрэн буй манан дундаас цахиртан цууриалав. Гэнэтийн энэ хашгиралтад цочиж үргэсэн шулам ууль өвгөн одой хусны мөчрөөс сүр сархийн нисч, хүчирхэг жигүүрээрээ манан алгадан үл мэдэг бараантан буй эргийн зүг одов. Хориод тохой өндөр, эгц цавчим элгэн хясааг нөмөрдүүлэн шинэс, хушны нэлмэгэр гишүү овоолон цааны навтархай адсага, баавгайн арьс зүйж хучсан урц гэр манан дунд нэг уусан, нэг тодосоход шулам ууль ихэд сэжиглэж, айсан ногоон нүдээрээ эргэн эргэн харсаар ниснэ.

Урцны баруун этгээдэд найман зарь дөнгөж саяхан тавилсан ногоон хөвд хагийг амтархан зажилан, эрүү эс амраана. Урт аянд сульдсан нь бүлтгэр том нүднээс нь нуух цувж, хавдаж хөндүүрлэх дөрвөн хөл дээрээ халгаж ядан сэлгэж зогсоогоос илт. Санаагаар болдогсон бол яг одоо ч суллаад сүрэг рүү нь хөөж орхимоор. Даанч өмнө нь нэг өдөр чармайгаад ч хүрэмгүй урт аян зам хүлээж байгаа. Жаалхүү дүү охинтойгоо Хадан хүй арал дээр хоног төөрүүлээд аян замаа үргэлжлүүлэхээр зэхэж буй нь энэ ажээ.

Тэнгисийн энэ бяцхан хадан арал армаг тармаг одой хус, шинэс бүхий нэлэнхүйдээ хаг хөвдөнд хучигдсан нуранги асгархаг, хааш хаашаагаа ердөө далаадхан алхам алга дарамхан газар билээ. Арлаас өмнөд эргийг хүрэхэд ердөө л тав, зургаахан мод газар. Харин баруун, зүүн, хойд эргийг хүрэхэд долоогоос хорь, магадгүй түүнээс ч олон өдөрчийн газар бий.

Хадан хүй урин дулаан цагтсан бол шувуудын жинхэнэ диваажин болно. Цахлай, ахуунь, нугас, галуу, өрөвтас, хотон, хун гээд л түмэн зүйлийн шувууд энэ л алга дарамхан газарт зүү орох зайгүй шахцалдан шавааралдаад толгой эргэм бөөн шагшаан шуугиан болж байдаг юм. Харин өвлийн хахир хатууд амьд амьтны бараа, чимээг энд сонсч харна гэдэг олдохуйяа бэрх содон зүйл. Хаа нэгхэн эцсэн даль жигүүрээ хэсэгхэн зуурт амраах гэсэн ууль, элэгт бүргэд амсхийхээс бус хүйтний туйл болсон ёрын энэ арлыг хэн ч хэрэг зориг болгон үл ирэх бөлгөө.

            Жаалхүү хөллөгөөний чарганы улыг норгосон булганы үсээр хичээнгүйлэн шувтарч, жаварт царцаангаа,

-Амуль, миний дүү улаан нүдэнгийн хударга аваад ир. Татлага мартав аа эгээ л насанд хүрсэн хүн шиг хэвлүүхэн өгүүлнэ. Хэдхэн хормын дараа урцны үүд сөхөгдөж, дөрөв таван насны орчим бяцхан охин турьгүй мөрөндөө эвхсэн хударга мөрлөж, дунгуйлдсан татлага хөвөрдүүлсээр бүдчин байж гүйсээр ирлээ.

Шантайсан жижигхэн хамартай, том цэнхэр нүдтэй бяцхан Амуль охин өнгө өнгийн өлбөн, өнгө өнгийн үстэй арьсны өөдсөөр хээлж чимэглэсэн дээл өмссөн нь гойд зохижээ. Нарийхан урт илгэн уужин дээр нь хадсан олон янзын хүрэл зүүсгэл, дугариг зуувин төмөр гоёлууд нь хөдлөх бүрийд жингэнэн харшилдах нь охиныг улам эгдүүтнй болгоно. Жаалхүү дүүгээ өхөөрдөн инээмсэглэж,

-Миний муухай дүү. Чи бид хоёр удахгүй харина аа. Хүйтний тайга, ар өвөр Жавартайг огтлоод л Богино ууландаа хүрч очино доо. Удахгүй ээ. Маргааш өдийд. . . гэснээ царай нь гэнэтхэн хувьсхийж, эргэн тойрноо сэжиглэнгүй ширтэв. Салхины савдгууд сонсчихоогүй л байгаа даа. Даваа хандчихвал ч гэж бодохтой зэрэг нуруугаар нь хүйт дааж, зэвхий даагаад л ирэв.

-За даа, мөддөө ч хүрэхгүй байх аа даа хэмээн хэн нэгэнд хэлэх мэт чанга дуугаар хашгираад урц руугаа түргэхэн орж, галын үнс нурамнаас атган авч зүг бүрт тарнидан цацаж, салхины савдгуудын санааг самууруулах дом үйлдэв.

Хоёр аянч яах ийхийн зуургүй ачаа бараагаа ачаалан саарал голдуу зариудаа хөллөж бэлэн боллоо. Цэнхэр нүдэн Амуль энэ зуур ам хуурай байсангүй, элдвийг асууж шалгаана. Жаалхүү ч үүнд нь огтхон ч төвөгшөөсөн шинжгүй

-Аан, уун гэх бөгөөд шалгаагаад салахгүй болохоор нь хаа нэгхэн ганц хоёр үгээр товчхон хариулт өгнө.

Манангийн хөл улам бүр сийрэх атлаа дээш хөөрөхгүй өтгөрөөд байгаа нь түүнийг ихэд зовоож байлаа.

-Аня… цас орохыг та яаж мэдэж байгаа юм бэ. Дулаахан л байна шүү дээ… хэмээн Амулийг хэлэхэд жаалхүү шаантагны үзүүрээр үл мэдэг цэнхэр туяатай хариг цас руу заан,

-Тэрийг хар. Хариг цасан дороос саарал аалзнууд бөөн бөөнөөрөө гарч ирээд байгааг харж байна уу. Тэр чинь л мөдхөн цас унахын шинж. Бас манангийн хөл шингэрсэн атлаа дээрээ өтгөрөөд байгааг хар л даа. Тэр манан зүсч байгаа нарны цацрагийн өнгийг хар. Цагаан цэнхэр байгаа биз. Энэ чинь л шуурга эхлэхийн өмнөх шинж байдал. Одоохондоо ч яах вэ. Дулаахан, нам жим л байна. Энэ зуур л амжаад Хүйтний тайга өнгөрчихвөл ч болоод л явчихлаа гэсэн үг. За за, хоёулаа түргэлье гэсээр бяцхан дүүгээ чарган дээр суулган баавгайн арьсан дахаар сайтар тулмайлдан хучиж суулгав. Аня хүү жолоогоо зүүн гартаа атган, урт шилбүүрээ тас нясхийлгэн

-Хайянан аа … хай, хүүг. Хүчирхэг зариуд минь гишгээд байна аа хө. Гишгээд бай. Хайянан аа, Хай гүүг, хай. . . хэмээн байдгаараа гуугчин хашгирсаар тэнгисийн овоорсон мөсөн хилийг яг даган эргийн зүг хөллөгөөнийхөө цааны манлайг чиглүүлэн давхиуллаа. Шуурганд хуу алгадуулсан толин цэнхэр мөсөн мандлыг бодвол тэнгисийн хилийг даган явах нь илүү осол багатай. Арлаас эрэг хүртэл үргэлжлэх тэнгисийн хил хамгийн сүүлд халиа үүсгэн зайрмагтаж, таг хөлддөг болохоор гадаргуу нь арсгар, барзгар, салхинд бөөгнөрч хатуурсан хунгар лавсаа элбэг. Оцлайкчууд үүнийг тэнгисийн цагаан хил хэмээн нэрлэнэ. Үүнээс гадна хар хил гэж бий. Тэр бол хонгил, ан цав үүсгэн хөлдсөн мөсний овоорол. Зүглэх л юм бол ямар ч аюултай учирч болно. Тиймээс хар хилээс ямагт зайлсхийж явах хэрэгтэй. Цагаан хилийг яг л дагаж явахгүй бол замаасаа нэг л хазайж орхивол цаанууд толигор мөсөн дээр яаж хичээгээд явж чадахгүйд хүрнэ. хөл тавьбал жинхэнэ аюул гэгч тэр л болно.

Зариуд тэнгисийн цагаан хил дагуутаа л жолоо булаан салхи мэт давхиулахыг хүсэн тэмүүлнэ. Гэвч тэднийг хамаагүй сулд нь давхиулж үл болно. Зоргоор нь явуулбал Богино уул хүрэх нь бүү хэл Хүйтэн тайгын захад хүрээд л хэвтээд өгнө. Сүүлчийн хоёр өдрийн аян зариудын тэнхээ чадлыг гайгүй сайн шавхарсан. Тиймээс аль болох зөөлөн, жолоо чангатай явахыг хичээх учиртай. Аняг бас нэг зүйл зовоож байлаа. Энэ нь тэнгисийн хилийн арсгар гадаргуу чарганы улыг хэрхэн зуран зорж буй чийхарсан чимээ. Чарганы ул эвдэгдвэл их тайга дундуур цааш явахын эцэсгүй болно. Яг л энэ агшинд бүх зүйл түүний эсрэг баттай зогсч байгаа мэт, өөрөө бодлоосоо өөр хань нөхөргүй болон ганцаардаж буйгаа бодохоор сэтгэл нь ихэд тавгүйрхэнэ. Гээд яах вэ дээ хэндээ ч гомдоллох билээ дээ.

-Хайянан аа. Хайя хайя. Зариуд минь гишгээд байна аа хэмээн эгээ л өвөө шигээ хашгирахтай зэрэг аль хэдийнэ томоо эр хүн болсон юм шиг санагдаж бага зэрэг тайвширна.

-Амжина даа, амжина хэмээн шүд зуун зүтгэнэ. Зариудын тэнхээ тамирыг дэмий барахгүй гэхдээ ихэнхдээ чарга даган тэнхээ мэдэн гүйнэ. Хэсэгхэн зуур гүйгээд л чарган дээрээ өнхрөөд өгнө. Амьсгаа даран амсхийнгүүт дахиад л үсрэн бууж, гүйж гарна. Ингэсээр бүр усан хулгана болтлоо шалчийж орхилоо.

Хадан хүй, эрэг хоёрын хоорондох зайг хоёрхон цагийн дотор эвхэж, тэнгисийн эргийн дангинталаа хөлдсөн хар газар дээр хөсөг хэсэг зуур саатав. Аня дүүгээ даруйхан буулгаад чаргаа хөмрөн улыг нь сайтар нягтлан шалгав. Азаар сүйдтэй хэмхэрч цуураагүй ч гэлээ улны арьсан давхарга хэд хэдэн газраа сэмэрч, зурагджээ. Бага ч гэсэн ийм гэмтэл чарга чирч яваа цаануудад сүрхий ачаа нэмнэ. Аня шалбайтал норгосон булганы арьсаар улыг нь хэд сайн шилэмдэн, нимгэхэн мөсөн давхарга болон царцаж хөлдөхийг хэсэг зуур хүлээзнэн зогслоо.

Санаагаар болдогсон бол тэр хоёр өдийд аль хэдийнээ өвчтэй ижийнхээ хажууд толгойг нь түшээд сууж байхсан. Гэтэл өмнө нь их замын гуравны нэг зурайж байдаг.

Уулын царамд өтгөрөн буй манан дундуур том том ширхэгтэй цэнхэр цас хаялж эхэллээ. -Жаахан л хоцорчихлоо. Хүйтний тайгын бартааг гарчихвал ч Богино уул руу орж явчихлаа л гэсэн үг. Тэндээс цааших зам алга урвуулахын адил л гэсэн үг. Муу ижий минь яаж байгаа бол доо. Аягүйдвэл ижий бүр сэргэж босчихоод мөнөөх аньсны хачиртай ангийн борцоо чанаж суугаа ч юм билүү хэмээн хөвүүн бодно.

Тэнгэр өөд ширтэхэд халуун нүүрэн дээр нь том том ширхэгтэй цас сэрүү оргиулан хайлах нь юутай сайхан. Ингээд бүрмөсөн нойрмоглож орхимоор, тээр дээрээс тааламжтай бүхнийг илгээгээд буй тэр сайхан зүйлд илбүүлэн удтал ингэж баймаар санагдана.

-Аня, дээшээ хараад байхаар миний толгой эргээд байна шүү дээ хэмээн Амуль үглэнэ. Цаанууд багагүй ядарч буй бололтой бөөрөө түнхэлзүүлэн урт хэлээ унжуулан амьсгаадан хэвтэцгээнэ. Цас улам бүр лавсан орох шинжтэй. Аягүйдвэл даваа хаагдана шүү. Ингэж таамаглахтай зэрэг хөвгүүнийг шинэ айдас нөмрөв. Тэр даруй чарганы улан дахь нимгэхэн тогтсон мөсний хэмжээг багцаалдан шалгаад, чаргаа түргэхэн босгон ачаагаа тэгшлэн засч, дүүгээ сайтар дулаалан хучив. Ингээд аль л аргил бүдүүн гэсэн хоолойгоо гаргахыг хичээн,

-Үүх, үүх. Ээе. . . аая. . . хэмээн хашгиран цаагаа босгон, -Хайянан аа, хайя хайя хэмээн уянгалуулан хашгирсаар Хүйтний тайгын зах руу орж явчихав.

Аня эндээс цааших замыг нүдээ аниад явсан ч олно. Өвөөтэйгөө энэ газруудаар хичнээн ч олон удаа хөндлөн гулд аялж, ангуучлав даа. Энэ тайгад шуурга шуураад ирвэл чөтгөр тогтомгүй хүйтэрдэгийг ч сайн мэднэ. Ид хүйтнээр модод голдоо ортлоо хөлдөж, өчүүхэн төдий доргионд мөчирнүүд нь яг л мөс шиг хэдэн хэсэг болон бутрах бөлгөө. Заримдаа амьсгалахад уушиг нэвт хөлдөөчих шахдаг энэ тайгыг Хүйтэн тайга гэж оцлайкчууд нэрлэнэ. Шуурганаас урьтах хэрэгтэй. Даанч нялх дүүтэйгээ хоёулхнаа явж байдаг. Тэгээд бас аянд сульдаж, ааш адайр нь дэндсэн найман зарь хөллөчихсөн явж байдаг. Яана даа гэж жаалхүү халаглах боловч хөсөг нэгэн хэмийн цогих зориудын алхаагаар тийм ч удаан бус, газрыг хорцтойгоор эвхэж байгаад бага зэрэг сэтгэл тайвширч байлаа. Цаашлах тусам цас улам бүр лавсав. Манан газрын хооронд цулгуй цэнхэр хөшиг татчихав уу гэлтэй будрана. Цасны ширхэг цэгээн уулийн сөд лүгээ адил том гэдэг нь жигтэйхэн. Салхигүй үед эгц доошоогоо жингүйдэх мэт нэвсийтэл асгарна. Хэдхэн цагийн дотор үзүүр тохойгоос ч илүү хожуул, унанги, дархинууд цасанд дарагдаж, нэлэнхүйдээ цэнхэр цагаан болчих нь тэр.

Их тайгад салхи жаваргүй дулаахан, ер бусын нам гүм ноёлжээ. Хөсөг заримдаа цасанд дарагдсан аварга бүдүүн шинэс, жодоо, гацуурын унанги, дархинд ааглан саатах боловч Аня зам сайн мэдэхийнхээ хүчинд завсар заальхайг ашиглан урагшилсаар л. Цаашлах тусам харгуй жим нарийсан баларч, бартаа саад улам ч ихсэнэ. Жаахан явсхийвэл чиг гараад явчихна даа. Ай даа, зун цагт жинхэнэ гахайн нутаг даа. Манайхан эндээс л том том бодонгууд унагадаг гэнэлээ хэмээн Аня бодонгоо,

-Хайянан аа, хайя, хайя. Ууг ууг хэмээн хашгиран цаанууддаа дэм өгөн гүйсээр л явлаа. Амуль охин тайгын дөнгөж зах руу орж ирээд хөөрхөн болцгор хуруугаа хөхөөстэй чигэрээрээ нам унтжээ. Аньсан нүднийх нь сормуус дээр хайлсан цасны дуслууд бөнжигнөн, хөөрхөн шантгар хамраа үе үе атриатуулан үнэгчлэх нь өхөөрдөм эгдүүтэй. Аня дүүгээ аль болох удаан амрааж, унтуулахыг хичээн бартаа саад багатай замаар явахыг хичээн, яаралгүйхэн довтолгоно. Гэвч урт, хүнд аянд жаалхан амьтан бүр эцэж гүйцээд, мөсөн голын буудлага болж байсан ч сэрэхээргүй бөх нойрсчээ.

Цаанууд хөвсгөр цасыг цээжээрээ зүсэн ам хөнгөн урамтай урагшилж байсан ч сүүлдээ амаа ангайн уухилж, хоёр бөөр нь түхэлзэн цулбуур чангаан хөл нь хүндэрч, харайж гүйх нь багасаад ирэв. Цас агшнаас агшинд улам бүр лавсаж, бүр малгайлчих шинжтэй тун хорон бударна.

Аня хэдийгээр тэнхээ мэдэн хашгирч, шилбүүрээ толгой дээр нь тас нясхийлгэвч тэд дэмий л дороо цамнаж зүтгэлэх нь олширч, хоёр тийшээ цас цавчлан давхихыг оролдовч гүнзгий цасанд шигдэн тамираа барна. Тэгтэл ч эхний хоёр зарийн нэг Цээнэ гэгч биерхүү саарал хунгар цасанд хэвтэж орхих нь тэр. Аня арынх нь цааг оронд нь хөллөж хэсэг газар явлаа. Гэвч даанч нэмэр болсонгүй. Цаанууд ээлж дараалан цуцаж сууж эхлэв.

Аня байдгаараа орилж хараан, тэнхээгээрээ гуядавч зариуд бүлтгэр том нүдэндээ цус хуруулан зүтгэх гэж дэмий л хүзүүгээ горойлгон сунгах ч тэнхэл нь тасран унаад өгнө. Аня уурандаа багтарч гүйцээд эгээ л хүн шиг аргадан гуйж үзэв. Нэмэр алга. Тэгтэл ч уур нь гэнэт дүрсхийгээд баримын чинээ хөлдүү гишүүг эхний зарийн толгой руу шидтэл хоёр эврийнх нь хооронд тусч мөнөөх зарь хөллөгөө тасчих шахам урагш зүтгэлэв. Санамсаргүй шинэ арга нээсэн Аня хэдэн зарийнхаа эвэр хоорондуур учир тоймгүй нүдсээр нэлээд урагш ахилаа.

Нам гүм дулаахан тайга төдөлгүй зангаа хувирган их шуургаа дэгдээж эхлэв. Тайгын гүн рүү нэлээд ахисан болохоор салхины эрч хүч энд сулхан. Гэхдээ л аварга моддын орой үзүүр гулзайн нахилзаж, нэн сүрлэг хүүгэх нь салхины эрч ямар хүчтэй байгааг төвөггүй мэдэж болохоор.

Одоо л тайга тэр аяараа дэлбэ татагдан, хэсэг хэсгээрээ задран ханзрах гэж байна уу гэлтэй модод махийж, газар чичрэнэ. Шуурганаас өрсч амжаагүйдээ бухимдсан Аня хэдэн муу цаагаа аль байдаг муу үгээр загнан, эвэр дундуур нь хөлдүү гишүүгээр байлгана. Халууцан хөлөрч, уурлаж улайсандаа хүн харахын эцэсгүй болсон тэрбээр,

-Муусайн зовлогнууд. Хаг хөвдний хамаг л шимтэйг та нарт өгсөн. Одоо ч өгч байгаа. Тэгэхэд та нар яаж байна гэнэ ээ. Май, ингээд, ингээд та нар хүн элэг барьж бай. Өвөө болохоор хүн, би бол хүн биш болж байна уу. Май, ингээд, ингээд хэмээн баруун солгойгүй шавхуурдан нүдсээр л. Галзуурсан амьтнаас үнхэлцгээ хагартал айсан зариуд байдаг хүчээ шавхан урагш зүтгэлнэ. Гэвч төдий л удалгүй шинэ арга нь үр дүнгээ өгөхөө болив. Цаанууд ээлж дараагаараа унаж, улайсан нүдээ эргэлдүүлэн, хүзүүгээ сунгаад хэвтээд өгөв. Эхний дөрвөн цаа яавал чиг яа гэсэн байртай хоёр бөөрөө түхэлзүүлэн, цасм хомхойрон үмхэлж хамраа сарталзуулан хөсөр хэвтэнэ. Босоогоороо байгаа хэдийнх нь хөл нь чичирч, өвдгөөрөө нугар тусан үлээхэд л ойчмоор эцэж, сульджээ. Эвэр дундуур нь хэчнээн балбасан ч огт нэмэр болохоорогүй амьд мах болон хувирчээ. Гар далайхад зөвхөн л нүд нь дүрлийтлээ аймсан ширтэхээс бие нь үл давхийнэ.

            -Гүйцээ. Ингээд өнгөрчээ. Өөд уруугүй зодоон хийсээр Аня ч бүр туйлдаж гүйцжээ. Хөл, гарт бул чулуу дүүжилчихсэн мэт ямар ч тэнхээ тамир үлдсэнгүй. Гутарч, эцсэндээ Аня хөвсгөр, цэнхэр цасан дээр тэрий хадан унаад өгөв. Эцсэн зариудын хоолой хоржигнон, амьсгаадалтдаа хахаж цацан тзүхэлзэнэ. Ургаа модод аймшигтайяа хуурнин шуугиж, энд тэндгүй цасаа дааж ядах гишүү тас нясхийн хугарна.

Босох л хэрэгтэйсэн. Шуурга ширүүсэхтэй зэрэгцээд чөмөг царцаам хүйтэн жавар тасхийж эхлэв. Одоо л босохгүй бол хөлдөж үхнэ. Цаашаа явах арга байхгүй. Цаануудаа тэнхрүүлтэл дор хаяж хагас өдөр хэрэгтэй. Хэдэн уут хөвднийхөө хагасыг тавьж өгчихөөд урц гэр босгохгүй бол горьгүй нь. Хэсэгхэн амрая. Хэдхэн л амьсгаа авах зуур амраад орхиё. Жаахан л хэмээн бодохтой зэрэг түүний нүд өөрийн эрхгүй анилдаж, хамаг бие нь жингүйдээд эхлэв.

-За, одоо боллоо. Гүйцээ хэмээн жаалхүү хүчээ шавхан түрүүлгээ харан хэвтэхэд хүйтэн цас өмнөөс нь цоргин бага зэрэг сэргэв. Сэргэсэн дээрээ аажмаар өндийн мөлхсөөр чаргаа түшин өндийхөд Амуль баавгайн арьсны үс цантуулан тухтай нь аргагүй унтаж байлаа. Нүд нь эрхгүй анилдаж байсан ч хичээж баймааж нь өндийлөө. Ядарч туйлдсандаа сөхөрчих шахсан ч гуйвж дайвсаар хэдэн уут хаг хөвд буулгаж, цаануудаа хөллөгөөнөөс мултлан ойролцоох мододоос тараан уяад хаг хөвдөө тараан хаялав.

Аня аажим боловч сэргэж эхэлжээ. Ингээд хөллөгөөнөөс жижиг сүхээ авч зулзаган шинэс, гацуурын зүг очлоо. Аль хөвсгөр зөөлөн шилмүүслэгийг нь шилж цавчив. Дараа нь тэвэрт багтахаар нь зөөж, нэгэн том гацуурын хонгил бараадуулан зэрэгцүүлэн өрж эхэллээ. Хэдхэн хормын дараа аварга гацуур нөмөрдсөн, хаа хаанаасаа салхи савар багатай гайгүй урц босох нь тэр.

Төдөлгүй урц, овоохойн үүдэнд бяцхан түүдэг асав. Тэр эхлээд унтаж буй Амулиа аяархан өргөн урцандаа оруулав. Ачаа бараанаасаа хоол хүнс, татлага, хударга, баавгайн арьсан нэхий, дулаан хөнжил зэрэг аар саархан зүйлсээ оруулаад, урцан дотроо бас нэгэн жижиг түүдэг асааж, гадаах түүдгэндээ тэвэр бүдүүн дархи, гишүү овоолов. Ямар ч байсан амжлаа. Энэ бүх ажлыг ухаан санаа нь дэн дун хийж байсан ч гайхалтай хурдан амжуулж дөнгөжээ.

Аня дүүгээ өвөртлөн бүлээцүүлж, унтахаар хэвтлээ. Тэр одоо юу ч болсон бай хамаагүй, түр дугхийхийг хамгаас их хүсч байлаа. Удалгүй Аня хуурай зөөлхөн хөвдтэй уутан дээрээ анхилам үнэрийг нь цээж дүүрэн авч униар будангийн орчлонд нэгдэн уусав. Тэгсэн атлаа жаахан л унтъя. Эс тэгвэл хөлдөж үхнэ гэж хатуу бодно. Шад падхийн асах дархи унанги хэдий хэр хугацаанд шатаж дуусахыг тооцоолон бодсоор зүүрмэглэжээ.

 

Хоёрдугаар хэсэг

 

-Ээж ээ, тэд одоохон ирнэ ээ. Та өнөөдөр их л дээрдсэн байна. Одоо бараг даваа өнгөрч яваа байх. Сонсооч, бэсрэг ахууна дуугарч байна. Дөхөж л яваа байх. Хэзээ мөдгүй сүр сархийгээд л тэр гурав ороод ирнэ дээ. Та минь л хичээж үз хэмээн Сэгуа өвчиндөө шаналж, цонхийтлоо цайсан ижийгээ аргадан толгойг нь илбэн өгүүлнэ.

Сүүлийн хоёр өдөр ижий нь сүрхий дордож ихэд тамирджээ. Удганы өгчилгөсөн эмийн ургамлын ханд халбагдан өгөх боловч тэр дорхноо л огиулан буцаагаад гаргачихна. Сүүлдээ бүр дуугарч ч чадахаа болив. Ямар нэгэн зүйл асуувал гал цог нь бөхийсөөр байх будангуй харцаараа туниа муутайхан дохих төдий л хариулна. Энэ удаад ч инээмсэглэхийг байдгаараа хичээн үл мэдэг мушийн, нүдээ анивчлаа.

Сэгуа бол энэ гэрийн ууган охин. Удахгүй кечүа омогт бэр болон очно. Түүний дараагийнх нь Аня хүү. Тэгээд цэнхэр нүдэн Амуль охин. Эдний эцэг нь Амулийг төрдөг жил анд явж байгаад улангассан эвшид нуруугаа хуга алгадуулан үхсэн гэдэг. Тайгынхны хэлэлцдэгээр бол эднийх сул гэр бүл. Тиймээс заншлын дагуу отог омгоосоо тусдаа нутаглах учиртай. Ингэж л Амильсу гурван хүүхэдтэйгээ отог омгоосоо дайжин сүүлийн хэдэн жил Богино уулын тайгын хормойд нь бууж өвөлжин, тагт царманд нь гарч зусдаг болсон юм.

-Ижий, аяга шөл оочих уу. Амьсгаа тань арай дээрдэж байх шиг. Би урцны үүдийг жаахан сөхчихлөө. Таныг жаал цас хараг гэж бодсон юм. Жиндэж байна уу гэхэд Амильсу их л зовиуртайгаар нүдээ анивчих мөртөө тааламжтай инээмсэглэхийг хичээнэ.

-Уулийн сөд шиг. Үгүй ээ үгүй бүр түүнээс ч том гээч. . . Яг атгасан гарын чинээ том ширхэгтэй цас орж байна. Би л лав ийм том ширхэгтэй цас орж байгааг хараагүй юм байна. Яагаав, аав Хүйтний тайгад нэг өвөл ангуучилж явахдаа яг ийм том ширхэгтэй цас орохыг харсан гэж байсан шүү дээ гэж Сэгуа ижийнхээ сэтгэлийг сэргээх гэж хөгжилтэй өгүүлнэ.

Том, том цэнхэр цас тайга даяар анир гүм тараан намуухан хөвөн орно. Орчлон ертөнц нэлэнхүйдээ цагаан цэнхэр өнгөнд хучигдаж, энтээгээс тэртээ тийш зах хязгааргүй үргэлжлэх бөлгөө. Өчүүхэн төдий ч салхигүй, өгүүлэхийн аргагүй нам гүмд хөнгөхнөөс хөнгөн эргэлдэн газардах цасан ширхэгийн агаар зүсэх гайхамшигт чимээг буй биеэрээ мэдэрч болмоор.

Амильсу булингартсан гунигт харцаар нэвсийн орох цасны ширхэгийг ширтэн, туулж өнгөрүүлсэн тэртээх он жилүүдээ эрхгүй нэхэн санах аж. Цэнхэр цас, өтгөн манан түүнийг намуухан бүүвэйлнэ.

Амьсгаа нь хураагдах мөртөө цэлмэж, биед нь урьдын аймшигт өвдөлтийн мэдрэмж огт үгүй болжээ. Санаа сэтгэл нь ч саруулсч, гайхалтай тунгалаг болсон байлаа. Гагцхүү хичнээн мэрийгээд ч гар хөл, толгойгоо хөдөлгөж эс чадна. Урьд өмнө дурсан санахыг хичээвч ой ухаанд нь ордоггүй байсан хүүхэд насных нь дурдатгал хачин тодоор санагдах нь хачин. Нохой хөллөсөн чаргануудын дэргэд тэнгисийн даваагаа ширтэн,

-Мөн ч сайхан аа хэмээн сэтгэл хангалуун шүүрс алдах эмэг эх нь, тэнгисийн эрэг дээр хясаа, дун хэлхсэн зүүлтээ толгой дээрээ эргэлдүүлэн гүйх жаахан охин Амильсу. Тэгээд бас оцлайк омогт бэр болон ирсэн анхны өдөр, эр нөхрийнхөө өвөрт айн чичрэн, зүрх нь амаараа гарчих шахан булгилан догдолж байсан анхны шөнө. . . гээд л бүгд өчигдөрхөн болж өнгөрсөн мэт дурсагдана. Хорвоог орхихын өмнө хүн ийм гайхалтай тунгалагаар өнгөрснөө мэдэрч, дурсдаг юм гэж хэзээ нэгтээ эмэг эх нь бугын арьс утаж суухдаа хэлж байсан нь санагдав. Гэхдээ ийм тодоор мэдэрдэг гэж Амильсу хэзээ ч бодож явсангүй.

-Миний эзгүйд хэдэн хүүхдүүд минь яажшуухан амь зуудаг юм бол доо. Энэ өршөөлгүй газар дэлхий, хатуу ширүүн хувь тавиланг яажшуухан сөрөх юм бол доо хэмээн голгүй харамсан хоргодох авч энэ агшнаас амталж буй дурсамжийн таатай мэдрэмжээс нэг л холдож төвдөхгүй байлаа.

Сэгуа охин ам хуурайгүй элдвийг инээмсэглэн ярьж, үе үехэн духан дээр нь энхрийхнээр үнсэх боловч тэр бүхэн нь огт мэдрэгдэж сонсогдохгүй, зөвхөн л цэнхэр цасны том том ширхэгүүд хэрхэн агаар зүсэн эргэлдэж, хэрхэн газардаж буй өчүүхэн чимээ буй биеийг нь эзэмдэн байлаа. Нүдээ алгуурхан анихад цасан ширхэгүүд шиврээ борооны дуслууд шиг намуухан шиврэн асгарах бөлгөө.

Амьсгаа нь илт жигдрэн, өвчний зовуурь, шаналгаа царайнаас нь бага зэрэг арилан тайван амгалан нойрсч буй ижийгээ хараад охин сая л өөрийгөө хэмжээлшгүй их ядарч гэдгийг мэдэрчээ. Сэгуа сүүлийн тав хоногийн турш эхийгээ муу зүгийн тэнгэр савдгуудаас хамгаалан цурам хийлгүй сахиж хоносон билээ.

Сэгуа эхийнхээ хуурай, хүйтэн хацарт уруулаа хүргэн, жигдхэн амьсгалж буй хэмнэлд нь бүүвэйлэгдэн зүүрмэглэв. Ижий нь тайван амгалан нойрсч, охин нь ч тэрхүү нандин хэмнэлд зохицон хорвоо ертөнцийн хамгийн аугаа нөмөрт хорогдон үнэгчилнэ. Тэр бүр нялхаасаа өдийг хүртэл ховорхон тохиосон ижийнхээ өвөр дэх нандин энэ л агшныг туйлаас их нялхамсан мөрөөддөг байлаа. Доороо хоёр ч дүү дагуулсан, айл гэрийн ууган охинд ийм боломж тохиол дэндүү ховор тохионо. Сэгуа зүүд нойрны молор өргөөний хаалгыг зориг муутай түлхэн онгойлгоод, орж явчихав.

…Сэгуа гэр бүлийнхэнтэйгээ долоон өөр зүсмийн догу зарь хөлөглөн цасан цэнхэр талаар давхиулж явлаа. Бүр аль эрт нас барсан эцэг нь хүртэл хамт явж байна гэж зүүдлэв. Өчүүхэн ч бартаа саадгүй нэлийсэн цэнхэр тал дундуур хонхот чарганы өргөн ул цас зүсэн таатайяа жингэнэн гулсаад л, гулсаад л байлаа. Баруун зүүн талаар үргэлжлэх их тайгын зах нүд эрээлжлэм жирэлзэн өнгөрнө.

Жижигхэн Амуль хөөрч догдолсондоо хамар нь шантайж, цааных шиг том атлаа цэв цэнхэр нүдээ анивчуулан байдгаараа амаа ангайн инээж явна. Охин дүүгийнхээ энэ л нүдэнд Сэгуа жигтэйхэн дуртай. Заримдаа, надад ийм нүд байдаг ч болоосой хэмээн цагаахан атаархаж, хэдэн ч өдөр дараалан Ижий модонд очиж мөргөн гуйв даа. Гэвч Сэгуагийн нүд тайгынхны нийтлэг зууван, зураасан онигор хэвээр үлдэж, Амулийнх ч урт шар сормуусаар гоёмсог цэнхэр нүд хэвээрээ л үлдсэн юм даг.

Үлгэр зүүдний тэрхүү гайхамшигт аянд аав нь сүүлчийн анд явахдаа өмссөн мөнөөх л булган дээл, өнгө өнгийн гоёмсог арьсны өвдлөөр гоёсон баавгайн дахаа хөдөрч, нохой сөөхий хөлдөө өшиглөсөн харагдана. Хаашаа тэгтлээ их яарч, хөл хөөрцөг яваагаа Сэгуа мэдэхгүй ч ер бусын их баяр хөөртэй байлаа. Хөл хөгжөөндөө улайрч догдолсон тэд байдаг тэнхээгээрээ хашгирч, инээлдэж яваа ч юу ч эс сонсдож, үл дуулдах нь хачин жигтэй. Догу этрүүд салхинаас ч хурдан довтолно. Нэгэн үе жингүйдэн газар бууж, нөгөө үе манан, газар хоёрын дундуур хурдална.

Зүүдэнд л ийм ер бус байдаг байх даа гэж тэр бодно. Зузаан сүглэгэр манан ижийнх нь зүрхний цохилтын хэмээр бүгтхэн цохилж, чарганы ул цас жингэнүүлэн зүсэх чимээ сонстоно. Гэнэт тэнгэр хуйсагнан манан дундах нэгэн хэмт цохилго үе үе тасалдснаа таг чимээгүй болчих нь тэр. Чарганы чимээ ч алсран алсарсаар тасрав.

Манан улам өтгөрч, гараа нүүрэндээ ойртуулавч эс харагдах нүдгүй цасан шуурга агшин зуурт дэгдлээ. Догу зариуд, аав ээж, дүү нар нь хаачсаныг бүү мэд. Шуурга анх эхэлсэн шигээ гэнэт зогсоход Сэгуа цэв цэнхэр цасан далай дунд сууж байлаа. Ганцаардаж, бас голдоо ортол даарсан Сэгуа эхэр татан уйлна. Нулимсан дуслууд нь мөсөн дуслууд болон газар унаж, тэр даруй болор талстууд болон гялалзана.

Аав ээж, дүү нараа дуудан уйлавч дуу нь эс сонстоно, үл дуулдана. Зах хязгааргүй үргэлжлэх цэнхэр цасан тал, зах хязгааргүй үргэлжлэх өтгөн манангийн ертөнцөд үл ойлгогдох анир гүмийн дунд Сэгуа гав ганцаархнаа үлджээ. Хэдүй удсаныг бүү мэд. Нэг хоёр цаг уу, аль эсвэл нэг хоёр өдөр үү. Магадгүй түүнээс ч илүү удсан юм билүү. Цагийн баримжаа ч түүнд байсангүй. Эцсийн эцэст Сэгуа охин өндийж, аль нэг зүг рүү явахаа шийдэж ядан тээнэглэзэвч хаашаа л харна зүг хязгааргүй, хөдөлгөөнгүй цасан тал, манан цэлийнэ. Тэрбээр харцандаа найдан чанх өмнө зүг чиглэн алхаж эхлэв.

Хүйтэнд хөлдөж царцсан хувцас нь тэсэхүйеэ бэрх жиндэн хайрч байсан ч алхах тусам бие нь халууцан хувцас нь уясан зөөлрөнө. Тэр алхаад л алхаад л байлаа. Гэлээ ч газар огтхон ч хорсонгүй. Бүр эцэж унатлаа алхав. Эргэн тойрон мөнөөх л манан, мөнөөх л цасан тал. Ганцаардал цөхрөлд сульдсан Сэгуа хөвсгөр цасан дээр нүүрээ шаан унаад эхэр татан уйлав.

Нулимсан дуслууд болрын хэлтэрхийнүүд болон хагарч газраар нэг өнхрөн гялалзана. Гэтэл манан дундаас эрэгтэй хүний гайхширсан сөөнгө дуугаар,

-Чи хэн бэ? гэж асуулаа. Сэгуа чихэндээ ч итгэсэнгүй. Нулимсаа арчин эргэн тойрноо ажвал юу ч байсангүй. Мөнөөх л зах хязгааргүй цасан тал, манан цэлийнэ. Дахиад бүр ойрхноос чанх ард нь

-Хэн бэ? Чи хэн бэ? гэх дуу гарч Сэгуа ухасхийн гэдрэг харавч хэнийг ч олж үзсэнгүй. Манан дунд

-Хэн бэ? Чи хэн бэ? гэж цууриалсаар мөнөөх дуу ягуухан замхрав. Сэгуа айж чичирхийлсэн хоолойгоор,

-Би Сэгуа байна. Э… миль анч. . ны ууган охин. Та аа…хэн бэ? гэхэд хариу эс сонстоно.

-Хий юм сонсчээ. Хачин юм даа… гэж бодонгоо эргэн тойрноо дахин нягтлан аживч юу ч эс үзэгдэв. Хэдэн мөч мөнөөх үл үзэгдэгчийг хүлээж суухдаа бага зэрэг тайвширч, хий юм сонсчээ гэж итгээд байтал

-Чи хэн бэ? Хэн бэ? гэх дуу яг дэргэдээс нь дуугарав. Энэ удаад айж цочирдсондоо ганц ч үг хэлж чадалгүй хөшиж хоцорлоо.

-Чи хэн бэ? Хэн бэ? гэх дуу өтгөн манан хөшгөнд мөргөн газарт ойн бутрах мэт давтан цууриалсаар. Сэгуа амандаа,

-Сэгуа байна. Миний ижийг Амильсу гэдэг. Аавыг минь Эмиль, дүү нарыг минь Аня, Амуль гэдэг хэмээн гүвтнэхэд түүний үг удтал цууриалсаар байх мөнөөх ойлгомжгүй

-Чи хэн бэ? Хэн бэ? гэх үгстэй холилдон цууриалсаар замхарна.

-Та гараад ирээч дээ. Би гав ганцаархнаа үлджээ. Би…би айгаад байна. Та хэн юм бэ? хэмээн Сэгуа урсан гарах нулимсаа залгин байж өгүүлэвч аанай л хариу эс сонстоно. Тэр аажмаар царцан хөлдөж байлаа. Үг дуугарах тэнхэл нь ч тасарч эхлэв. Үл үзэгдэгчийн дуу удтал дахин сонстсонгүй. Үс гэзэг нь битүү цан хүүрэг болж нулимсан дуслууд хацар дээр нь зайрмагтан хөлдөнө.

-Битгий ярь. Би сонсоно. Чи юунд намайг дуудаа вэ гэх дуунаар Сэгуа давхийн цочих шиг болсон ч бүхий л бие нь газартайгаа барьцалдан хөлдсөн байлаа. Тэрбээр аман дотроо дэмий л

-Та хэн бэ? Би даарч…байна

Загасчид

Зуны турш 

Нар шүүрдэнэ

 

Нүцгэн цөл дээгүүр

Нисч яваа элэний нүд

Нүцгэн цөл мэт хөдөлгөөнгүй

 

Дэн барьсан бүсгүйн 

Дэргэдээс

Нойр ханхалнам

 

Өчүүхэн гялбаа

Тэнгис дээгүүр цойлов

Өө бяцхан гуниг минь

 

Энэ гуравдугаар сар шиг

Энэ нэвтэршгүй хана цайз шиг

Эрхэмсэг бүсгүй харцныхаа аглагт дурлалаа нууцаëжээ

Ээ яасан эгнэшгүй хүсэл мөрөөдөл гээч нь вэ

 

Сар шувуу хаагчин

Санаандгүй уруул хэн нэгнийхийг тэмтэрнэ

Хүйтэн бас хөх туяат уруулыг 

Халаасан дахь нөхдийн зүрхээр бүлээцүүлнэм би

Үнэслт тэсч ядсан озолт 

Үүрээр цагаан гэгээ тусахад

Хагацна гэж тэр шивнэнэ

Хаачихыг бүү асуу гэж зүрх догдолном

 

Цаг хугацаанаас үхлийг чөлөөллөө гэж

Цамхагт харшин дээрээс гоо бүсгүй

Цэцгэн дохиураар дохино

 

 

УСНЫ ЧОНО

 Тэнгисийн мандал дээр зайдагнасан нойрмог манан зүүднээсээ өндийх мэт алгуурхнаар хөөрнө. Өтгөн манангийн хаа нэгтээгээс шол полхийн ус алгадах сэлүүрийн чимээ ойртсоор төдөлгүй цалгиатан намилзах их усан манан хоёрын цайвар хормойг яран дунд зэргийн үйсэн завины мөлгөр хошуу бидэр татуулан дайвалзсаар цухуйлаа. Нэгэн жигд хэмээр цалгин давалгаалах усны чимээ өвгөжөөр хүний сөөнгө хоолойгоор,

-Хайя. . Хайянан аа… хэмээн уухайлах дуутай найрсан нэгэн өвөрмөц эгшиг үүсгэн задгай тэнгисийн мандал дээгүүр дуурьсан улам бүр дөтөлнө. Өвгөн жаал охин хоёр Үсэхүгийн отгийг зорин айсуй нь энэ ажээ.

-Ай даа, жаахан Жийнүүнээ минь. Тэр усны чоно* гэдэг чинь мартамхай гэдэг нь дэндсэн амьтан байдаг юм шүү дээ. Хэдхэн хормын өмнө л тохой хэрийн урт зэвэг загас залгичихсан хэрнээ тэрнийгээ ор тас мартаж орхичихоод дахиад л ан хөөж явна. Үргэлж л ямар нэгэн зүйлд тэмүүлэн зүтгэж явна. Хайя. . Хайянан аа. Хайя. . хэмээн өвгөн хэдэнтээ хүчлэн сэлүүрдсэнээ сэлүүрээ уснаас татан өвөр дээрээ тавиад яриагаа их л шунамгай цааш үргэлжлүүлэн ингэж ярина.

-Хийморьлог нь дэндсэн амьтан. За тэгээд ямар ч хүчтэй боргио, давалгааг юман чинээ тоохгүй эгээ л галзуу юм шиг сэлж гарна даа. Ай мөн ч хийморьтой доо гээд татаж буй гаансныхаа утаанд хахаж цацан хий ханиалгаж, хэржигнэж хүржигнэсэн хоолойгоо хяхтнуулан бүгшинэ. Нус нулимсаа гоожтол зовиуртай удаан бүгшсэний эцэст тэнгисийн хар ногоон уснаас гараараа хутган амаа зайлж сая л нэг дотор нь онгойсон бололтой бүдүүн бүдүүн хөх судаснууд нь гүрвэлзэн товойсон хатангир гэдэг нь жигтэйхэн туранхай атлаа шөрмөслөг ер бусын том алгаараа үдээр шиг өмгөр уруул амаа эв дүй муутайхан шудчин арчингаа,

-Энэ муу гашуун нохойноос мөн ч болно доо. Энэ өгөр толгой, гээд яах вэ дээ. Насны үзүүр орой гэдэг нь болсон хойно салж дөнгөхгүй л юм даа. Бүр хууч хөдөлгөчихлөө шүү муу золиг чинь. За тэгээд өтөлнө гэдэг шоглоом л болдог юм байна даа. Уг нь өдийд Үсэхү удганы отогт хэдийнэ хүрчихгүй юу. Муу золигийн усны чононоос л боллоо. Муу золиг чинь өдийд сүүлээ шорлуулснаа тоосон ч шинжгүй сэрвээ хатгаад л хөвж яваа даа. Гайгүй ээ, нэгтээ учрах л байлгүй. За за, энэ ч яахав ээ гэж эвлэрэнгүй бувтнангаа дахиад л мөнөөх модон гаансандаа дүүртэл нь тамхи чихэж асаагаад таатай нь аргагүй баагиулж эхэллээ.

            Завины хитэг дээр үс нь халцраад тамтаг шахуу болсон хэлхгэр том буган хантааз тулмайдан нөмөрсөн бяцхан охин өвгөний амнаас савсах тамхины утаа өтгөн манангийн дунд хэрхэн замхарч уусахыг залхуутайяа ажиглан сууна. Замаг шаварт халтартсан өхөөрдөм жижигхэн уруул амаа байдгаар нь ангайн тайгынханд тэр бүрий заяагаад байдаггүй шантгар хамраа шонтогнуулан байж эвшээхэд том цэнхэр нүднийх нь сормуусанд нулимсан дусал бөнжигнөнө. Өвгөн тэсгэлгүй инээд алдан,

            -Золигийн муухай амьтан шүү. Миний муу охин даараагүй биз гэхэд Жийнүүнээ хариуд нь дуугүйхэн толгой сэгсэрлээ. Өвгөн жоготой инээмсэглэн,

            -Үгүй ээ, чи ингэхэд яах гэж Үсэхүн отог руу явж байгаагаа мэдэж байна уу гэж асуухад охин,

            -Удган болох гэж хэмээн доройхон өгүүлэв.

-Удган гэж ямар хүн байдгийг мэдэх үү гэж лавлан асуухад охин хайхрамжгүй толгой сэгсрэв. Өвгөн мушилзан сэлүүрээ усанд дүрж тэнхээгээрээ хүчлэн

-Хайя, хайянан аа гэж уухайлан сэлүүрдэж эхэлнэ. Сэлүүрийн аясаар ус алгадах чимээ өвгөний уухайн дуутай найрсан нойрмог тэнгисийн дээгүүр цуурайлан түгнэ.

-Хайя, хайянан аа, удган гэдэг чинь уул ус, хөвч тайга, тэнгэр огторгуйтай ярилцдаг хүнийг хэлдэг юм шүү дээ гэхэд охин ихэд гайхшран харлаа.

-Тэд нар чинь цөм өөр өөрийн эзэдтэй. Ширхэг чулуу, ганц мод, аясын салхи гээд бүгд эзэдтэй. Эзэд нь тэднийг хайрлан хамгаалж бас шийтгэн хашрааж байдаг юм. Тэгэхээр тэр эзэдтэй нь ярьж харилцана гэсэн үг. Ямар вэ дээ?

-Эзэд нь ямаршуухан байдаг юм бэ, та таних уу?

-Би өөрөө нэг ч удаа харж байгаагүй. Яг салхи шиг тэднийг бид харж чадахгүй. Гэхдээ л харж чадахгүй хэрнээ салхи байнаа гэдгийг нь мэдээд байдаг шүү дээ. Салхи харагдахгүй, баригдахгүй хэрнээ ой модыг ганхуулж усыг урсгаж байдгийг чи мэднэ. Яг л тэрүүн шиг. Харагдахгүй хэрнээ л хаа сайгүй байж байна. Тэднээс юуг ч нуух аргагүй. Тэд бүгдийг мэдэж байдаг юм. Гэхдээ бас тэднийг харж чаддаг хүмүүс бий. Тэднийг л удган бөө нар гэж нэрлээд байгаа юм даа. Жишээ нь манай тайгын долоон отгоос ганц Үсэхү удган л тэгж харж бас харилцаж чадна. Өөр хэн ч биш. Үсэхү удганы дараа чи тэднийг хардаг харилцдаг болно. Нэг ёсондоо мань мэтийн нүд чих нь та хоёр юмуу даа. Яавал болох яавал болохгүйг та хоёр л хэлж чадна шүү дээ.

-Үсэхү удганыг ээж шиг байхгүй болчихвол би тэр эздийг би харж чадахгүй бол яах юм?

-Тийм зүйл гэж байхгүй ээ. Байлаа гэхэд бид цөм сөнөж мөхнө. Хүмүүс биднийг эзэд ойлгохоо болино. Бид ч бас тэднийг ойлгохоо болино. Бид тэгвэл яаж амьдрах юм бэ. Тэнгэр эцэг, этүгэн эх үүнийг хэрхэвч зөвшөөрөхгүй. Хүмүүст хилэгнэхдээ дээд эцэг, дээд эх хоёр аянга цахилгаанаа цахиулж их усан үерлүүлэн биеэ шилгээж биднийг арчиж хаях болно. Тэгээд хүн гэгч байхгүй болно. Гэхдээ тийм зүйл болохгүй ээ. Бөө удганы залгамж халаа тасардаггүй юм. Тэд хэнд юугаа уламжлуулахаа сайн мэднэ. Үсэхү удган миний охиныг л лав зүгээр сонгоогүй дээ.

-Хачин юмаа гэж охиныг гайхшрахад өвгөн хучлагыг нь засангаа,

-Хачин юм гэж хорвоо ертөнц дээр бишгүй бий. Нар яагаад манддагийг сар яагаад жаргадгийг… За тэгээд хүн яагаад төрж, өтөлж хөгширч, өвдөж үхдэгийг, яагаад амьтад, ургамал модод бий болдгийг л гэхэд өвөө нь огт мэдэхгүй. Залуудаа бодоод бодоод ер олж байгаагүй юм шүү. Ёстой ухаан хүрэхгүй юм билээ. Бүр тэр байтугай шөнө тавьсан тэр торноос тэр муу золигийн усны чоно яагаад мултарчихсныг би одоо хүртэл ойлгохгүй л явна. Миний тавьсан торноос ямарч усны чоно мултарч байгаагүй л юм даа. Өчигдөр өглөөг хүртэл шүү. Мөн хачин байгаа биз гэж өгүүлнэ. Охин юу ч ойлгоогүй шинжтэй хөмсгөө атируулан бодолхийлж буган хантаазандаа улам л нугдайн булталзана.

 Намуухан цалгиатан давалгаалах тэнгисийн мандлыг ягуухан зүсэн үйсэн завь хөвсөөр л. Бөглүү ус манангийн ертөнц дундуур завь, -Хайя, хайя нанаа хэмээн өнчин дуу хадуулсаар зүтгэнэ.

-Өвөө би усны чонотой ярилцдаг болох болов уу гэж удтал дуугүй суусан охиныг гэнэтхэн асуухад өвгөн бага зэрэг тулгамдан,

-Чадах байх аа, чадах байх. Байхаа гэнэ шүү, чадалгүй яахав дээ.

-Энэ тэнгисийн эзэн нь тэр юмуу?

-Ёстой доо. Эзэн нь ч биш л дээ. Гэхдээ л хамгийн хүчирхэг нь юмдаг. Ямар ч загас түүнд хүрч зүрхлэхгүй шүү.

-Би түүнтэй ярилцаж чаддаг болвол ээжтэйгээ бас ярилцаж чадах болов уу?

-Ярьдаг юм гэнэ билээ. Удгануудад хийж чаддаггүй зүйл гэж бараг байдаггүй гэнэ лээ.

-Яаж…?

-Мэдэхгүй юм даа. Үсэхү удган л мэдэж байгаа. Одоо очихдоо чи сайн асуухгүй юу.

-Ээж үхсэн тиймээ гэж Жийнүүнээг энгүүн асуухад өвгөн цочихдоо золтой л сэлүүрээ алдчихсангүй. Хормын дараа бага зэрэг тайвширч,

-Тийм ээ охин минь, тийм. Гэхдээ үхсэн гэж хэлж болдоггүй юм. Тэнгэрт одсон л гэж хэлдэг юм.

-Тэнгэрт байгаа хэрэг үү?

-Тийм ээ.

-Худлаа. Худалдаачин ах үхсэн хүмүүс газарт шингээд алга болчихдог гэсэн шүү дээ гэж охиныг мэтгэхэд өвгөн бухимдангуйгаар,

-Хэзээ гадныхан үнэн үг хэлж байлаа. Хүний үнэргүй амьтад. Хүүхдийн толгой эргүүлээд… Хүн хэзээ ч ор тас алга болчихдоггүй юм. Бие нь алга боллоо ч бодол санаа нь байж л байна. Огт арилж алга болохгүй. Сонс охин минь. Ижийн чинь бие нь алга болсон ч тэнгэрт бодол санаа нь байж л байгаа. Үнэн үг гэвэл энэ л байна. Худлаа гэнэ шүү. Өвөө нь чамд хэзээ худлаа хэлж байлаа. Тийм явдал бий юү дээ үгүй юу. Чи нэг хэл дээ? Чамд ноднин зун ангирын өд авчирч өгнө гэчихээд өгөөгүй билүү би?

-Өгсөөн.

-Бас… хэмээн өвгөн духаа маажлан,

-Аан тийм, нөгөө Бисмэл чавганц чамд шинэ өлбөн хантааз хийсэн байсныг чамд хэлэхдээ би худлаа хэлсэн болж таарах нь уу гэж гомдолтой өгүүлэхэд охин нүд нь бүлтэгнэн уйлчих шахан толгой сэгсрэв. Охиноо зэмлэсэндээ харууссан өвгөн аргадсан харцаар ширтэн намуухнаар,

-Охин минь ээж чинь тэнгэрт байгаа. Цэлмэг шөнө тэнгэрт хичнээн олон од түгдэгийг чи мэднэ биз дээ? Тэр бүхэн чинь биднээс үүрд холдон одсон хүмүүс юм шүү дээ гэхэд охин сая нэг тайвширсан байртай санаа алдан,

-Тэгвэл тээр тэнд байгаа ижийтэйгээ би яаж уулзах юм бэ?

-Зөрүүд золиг гэж дээ. Би яаж мэдэх юм. Тэр Үсэхү удган л сайн мэдэж байгаа хэмээн өвгөн залхсан байртай өгүүлэв. Охин том цэнхэр нүдээ эргэлдүүлэн манангийн гүнээс ямар нэгэн зүйлийг олж харах гэсэн мэт шунамхайран ширтэнэ. Хэсэг зуур хоёул дуугарсангүй.

-Өвөө?

-Юу гээв охин минь?

-Та тэнгэрт байгаа охинтойгоо уулзъя гэж боддог уу?

-Бодолгүй яахав дээ.

-Тэгээд яагаад уулзаж чаддаггүй юм бэ? Удган ижийд хэлбэл лав танд тусална даа.

-Тэр чадахгүй ээ. Цаг нь болоогүй зүйлийг хэн ч урьдчилан зохицуулж чаддаггүй юм.

-Хэзээ тэр цаг нь болох юм бэ? Үхэхээр үү. . гэснээ охин залруулан, -Тэнгэрт одохоор уу?

-Тийм ээ.

-Тэгээд та яагаад тэнгэрт одож чаддаггүй юм бэ?

-Цаг нь болоогүй гэж байна шүү дээ охин минь…

Жийнүүнээ дахиад л дуугаа хураан улам бүр дээшлэн хөөрөх мананг ширтэн бодлогоширно. Өвгөний сэтгэл санаа ч тогтворгүй болж модон гаансаа байн байн угзран утаа май савсуулан бодолд автан сэлүүрдэнэ.

-Өвөө, тэнгэрт одох ер нь хэцүү юү?

-Хэцүү байх аа…

-Би тэд нартай ярилцдаг болохоороо таныг хурдхан аваач ээ гэж гуйна.

-Хэнээс гэж өвгөнийг гайхан асуухад охин манангийн гүн рүү харсан чигтээ хөөрхөн булцгар хуруугаараа дээш занган,

-Тэнд байгаа хүмүүсээс. Өвөө та нар дээр очих гэхээр чадахгүй байна. Та нар туслаач гэж хэлнэ. Тэр тусмаа таны охиноос бүр зөвшөөртөл нь гуйна аа. Би түүний охин нь юм чинь тэр лав л надад дургүйцэхгүй. Тэр таны заримдаа дургүйцэж уурладаг шиг хэзээ ч надад дургүйцэж уурлаж байгаагүй гэж хөгжилтэй өгүүлэв. Өвгөн тэсгэлгүй мэгшин нулимсаа буруу харан байж арчингаа,

-Ээ дээ, тэгж л үзээрэй дээ. Одоо аавд чинь хоргодох зүйл байхгүй болсон гээд сайн гуйдаг юм шүү гэлээ. Өнчин завь давалгаанд туугдан хар зөнгөөрөө урагшилна.

-Өвөө, би хүнийг тэнгэрт одуулж чадах болов уу?

-Удган хүн үхлүүт хүнийг амьдруулаад байж чадаад байдаг юм чинь…

-Тэгвэл би таныг хамгийн түрүүнд тэнгэрт одуулна аа.

-Тэгж болдоггүй юм.

-Яагаад? Та охинтойгоо уулзахыг хүсдэг шүү дээ. Охин чинь таныг их санаж байгаа. Яг л би түүнийг санадаг шиг гэж охиныг гомдолтойёо өгүүлэхэд өвгөн тэсгэлгүй дал мөрөө чичигнүүлэн байж,

-Эвий муу охин минь, Жийнүүнээ минь, тэгж үз. Тэгэлгүй яахав гэж уйлан өгүүлэв. Өвгөн мэгшин уйлж байснаа сүүлдээ бүр эхэр татан удтал енгэнэн уйллаа. Охин айж эмээсэндээ яахаа мэдэхгүй хэсэг зуур сууснаа ухасхийн өвөөгөө тэврэн хацарт нь нулимстай нүдээ наан буурал санчгийг нь илбэн аргадна.

…Өвгөн зээ охиныгоо өдөр дундын алдад Үсэхү удганы отогт хүргэж өглөө. Энэ явдлаас хойш гурав хоногийн дараа өвгөний үйсэн завь тор хэрэгслэлтэйгээ бүрэн бүтэн загасч отгийг яг чиглэн хөвсөөр агнуурын эрэгт хайрдан зогсчээ. Харин өвгөний хаачсаныг хэн ч мэдэж эс чадав. Эрэл сурал хэд хоног үргэлжилж Көксикуль тэнгисийн хаяа хормойн бүхэл отог аймгуудаар түүнийг хайсан авч Үсэхүн отогт зээ охиноо хүргэж өгөөд буцсан гэх хэл чимээнээс өөр сураг ажиг гарсангүй эрэл ìухарджээ. 

 

 

АМУЛЬ /ӨГҮҮЛЭГ/

…Түүнээс одсон хийгээд алсран одож буй бүхэнд мөнх бус хамаатай. Тэр бидний одоо ба ирээдүй. Басхүү өнгөрсөн цаг үе минь билээ…

Бүх зүйл Жүмисийг хөл хүнд болсноор эхэлсэн юм. Хэрвээ тийм явдал болоогүй бол бүх юмс дэндүү амар хялбар, ойлгомжтой байх байсан биз ээ. Харамсалтай нь хувь тавилангийн тоглоом шоглоомд энэ бүлийнхэн дэндүү хатуухан өртөх ёстой байжээ. Гэвч бүхнийг хэн нэгэн мэдэж байдаг хойно доо. Түүнээс гарах гарц, зугтах боломж бий гэж үү.

Халширмаар хахир хатуу, урт удаан үргэлжилсэн өвлийн дараа тэнгисийн мөс бүхэлдээ хайлж, ой тайга номин ногоон өмсгөлөө өмсч, цэцэг навч хоромхон зуурт л дэлбээлж цэцэглэлээ. Хойд нутгийн хавар ийм л хурдан ирдэг бөлгөө. Ан амьтад ичээнээсээ гарч, нүүдлийн шувууд эргэн ирж гүйцээд байсан хаврын сүүл сарын хуучдаар Мура авгай шинэхэн бэр Жүмисийгээ дагуулан тайгын гүн дэх Сэнгэлэг горхины орчмоос дүрва өвс түүж, харих замдаа намгаас хүлрийн өрөм шүүрдэн авчрахаар явсан юмсанж. Мура урин дулааны цагт сар бүрийн хуучдаар ийнхүү дурва өвс, хүлрийн өрөмд байнга явна. Чухам үүний хүчинд л ганц хүү Бодончыгоо өдийг хүртэл амьд мэнд авч яваа билээ. Бодонч төрөлхийн бие султай, байнгын асаргаа шаардаж байдаг хөөрхийлөлтэй нэгэн. Арван нас өнгөртлөө явж ч чаддаггүй, үг хэл хэлж ч чаддаггүй хүүхэд байжээ.

Энэ нутагт өдрийн од шиг ховорхон ирдэг эрхүүд*-үүдийн нэгнээс ийм өвчтэй хүнд дурва ханд уулгаж, хөл гарыг нь бүлээсгэсэн хүлрийн өрмөөр хучиж байх нь хамгийн сайн эмчилгээ болно гэдгийг сонссоноос хойш тэрбээр ийнхүү дурва өвс, хүлрийн өрмөөр хүүгээ эмчлэх болсон юм. Санаа дагаад ч тэр үү, аль эсвэл эмчилгээ үнэхээр сайн нөлөөлснийх ч юм уу ямартай ч Бодонч хүү илтэд дээрдэн хөл дээрээ муухан ч гэсэн явдаг болж, үг хэл нь ойлгогдохгүй ч ойр зуурхан ярихчаан болдог болжээ. Хүүгийн үе чацуутангууд ойн нарс шиг хүдэр чийрэг болон өсч, ан гөрөөнд ид хаваа гайхуулан байхад Бодонч гэрийн мухар сахиж, ихэнхдээ өвчиндөө шаналж хэвтэрт л хамаг цагийг бардаг байлаа.

Бодончийг төрөхөд Караха нөхөр нь эх барьж авсан гэдэг. Дөнгөж амь голтой төдийхөн, уйлах ч тэнхэлгүй хүүгээ хараад эхнэр нөхөр хоёр өөрсдийн азгүй хувь тавиландаа харуусан гашууджээ. Тэдний хүү бие султайн дээр хүн цочирдмоор эрэмдэг зэрэмдэг нэгэн байлаа. Түүнийг ямар ч байсан хүн болгоно хэмээн хатуу шийдсэн эх нь эр нөхөөр зүйл бүрээр ятган байж төрөлх отог омгоосоо дайжин тэнгисийн хамгийн гүн зэлүүд булан дахь тайгын балар ширэнгийн нэвтэршгүй аглаг руу нүүсэн юм. Ингэж нүүхдээ Мура цор ганц ойрын хамаатан болох нагац эгчдээ,

 

-Нэг бол Караха бид хоёр. Үгүй бол бид хэзээ ч эргэж ирэхгүй гэж хэлсэн гэдэг. Он цаг харавсан сум шиг өнгөрч Бодонч хүү ч эсэн мэнд эрийн цээнд хүрсэн ч энэ гэр бүл төрөлх отог омогтоо эргэн ирсэнгүй. Яваа яваандаа отог омгийнхон нь ч тэр гурвыг бараг мартаад байлаа. Хоёр жилийн өмнөх жигүүр тайлах ёслол* хүртэл шүү дээ…

Тайгын долоон отог омгийнхны насанд хүрсэн охид, хөвгүүд цөм ирцгээсэн энэ ёслол нижгэр сайхан болж байлаа. Дуу хуур, инээд наргиан бүтэн өдөр үргэлжилж үдшийн бүрий болоход том түүдгийн дэргэд хөвгүүд өөрсдийн сонгосон охидынхоо гараас хөтлөн Үсэхү удганаас хамт амьдран суух зөвшөөрөл хүсэн сөгдөцгөөлөө. Өөрсдийн хүсэлтээр долоон хос, үлдсэн дөрвөн хос Үсэхү удганы оноолтоор хувь заяагаа холбов. Хэн нэгэн нь татгалзах эрхээ эдлээгүйд отог омгоороо ихэд бэлгэшээн их найр цэнгүүн үүсгэн хөгжилдөцгөөлөө. Ийнхүү арван нэгэн хос залуу галын эзэнд мөргөн тайлга үйлдэж, тэнгэр эцэг, этүгэн эхийн өмнө бүхий л амьдралаа хамтдаа өнгөрүүлэхээ андгайлснаар жигүүр тайлах ёслолын хамгийн чухал хэсэг өндөрлөлсөн юм. Дараа нь Үсэхү удган эр нөхөр нь нас барсан Сайкулийг заншил ёсоор нөхрийнх нь дүү Салжукийн гэргий болгон өгсөнөө зарлав.

Яг энэ үед Мура, Караха хоёр Бодонч хүүгээ дагуулан арван зарь хөтөлсөөр тайгын гүнээс гэнэтхэн гарч ирэх нь тэр. Тэднийг байдаг эсэхийг бараг мартаад байсан хүмүүс гайхан алмайрч, бөөн шуугиан болцгоолоо. Тэд отог омгийнхонтойгоо бүгдтэй нь найрсгаар мэндчилээд, жигүүр тайлах ёслолд хожимдож ирсэндээ хүлцэл өчив. Хүмүүс тэдний ирсэнд ихэд баярлацгаажээ. Олонхийн бодож байсанчлан Карахагийн гэр бүл гүн аглагаасаа нэгмөсөн бууж ирэх огтын санаагүй байжээ. Гагцхүү ёслолд оролцон хүү Бодончдоо гэргий сонгож өгөх л зорилготой бууж иржээ.

Дунд зэргийн давжаахан нуруутай, эцэнхий цонхигор Бодончод гоо үзэсгэлэнтэй, жавхаалаг гэргий олдоно гэдэг бараг бүтэшгүй зүйл гэдгийг эх эцэг нь сайн мэдэж байлаа. Тиймдээ ч тэд албаар ёслол өндөрлөхийг модон дотроос ажиглаж байгаад гэнэтхэн гарч ирсэн хэрэг.

Караха хөтөлж ирсэн арван зариа* дөчин булганы арьс, баавгайн дахны хамтаар Үсэхү удганд өргөн барьж Жүмис охиныг хөвгүүндээ гэргий болгон өгөхийг гуйжээ. Хачирхалтай энэ явдалд хүмүүс гайхаж хоцров. Очиж очиж Жүмис шүү. Карахагийн толгой нь бүр эргэж гүйцжээ. Ухаан нь санаа нь эрүүл л байгаа даа гэх зэргээр хүмүүс өвөр зуураа шивэр авир ярилцана.

Жүмис бол тийм ч царайлаг бус, байнга хөмсөгөө атируулан газар шагайж явдаг жавхаа, хийморьгүй нэгэн. Бас дээр нь өрөөсөн хөлөө байнга чирч явдаг хэлгүй охин. Гурван ч удаагийн жигүүр тайлах ёслолоос нэг ч залуу түүний гараас хөтөлж, гэргийгээ болгон авахыг удганаас гуйгаагүй юм. Насаар нь хөөвөл Бодончоос даруй зургаа долоон насаар эгчмэд.

Жүмисийг бага байхад улангассан баавгай нүдэн дээр нь эгч, аав, ээжийг нь тасчин алсныг харснаас хойш үүрд хэлгүй болсон гэдэг. Баавгай түүний зүүн хөлний булчинг ясанд нь тултал химлэж бүдүүн хушны дор хаясныг маргааш өглөө нь хүмүүс олжээ. Дөнгөж амьсгалж байсан түүнийг Үсэхү удган асарч эмнэсний хүчинд хазгар дүлий ч гэсэн өдий зэрэгтэй яваад байдаг болгож чаджээ. Тунгалаг сайхан нүд, дэрэвгэр урт сормуустай Жүмисийг тэр аймшигт явдлаас хойш Үсэхү удган дэргэдээсээ холдуулалгүй өсгөсөн билээ.

            Карахагийн эл гуйлтад Үсэхү цааргалсангүй. Тэр ч байтугай болох ёстой зүйл жам ёсоороо болж байгаа мэт ихэд тайван амгалан оон хандаж байгаад хүмүүс багагүй хачирхжээ. Үсэхү удган Карахагийн бэлгийг гардан авч Жүмис Бодонч хоёрыг ёсолж зогсохдоо сая л сэтгэл санаа нь зовиургүй хачин баяртай байгааг отог омгийнхон анзаарч ихэд хөхин баясав.

-Тэнгэр эцэг, этүгэн эхийн хайр хишгийг насан туршдаа хүртэж, сайн сайхан амьдраарай. Караха, Мура…та хоёр зөв шийджээ гэж удган эх бахдалтайгаар ёслоод баяр цэнгүүнээ үргэлжлүүлэхийг хүсэв.

Жигүүр тайлах ёслол үүр цайтал үргэлжиллээ.

Найр наадам хавтгайрч хүмүүс наргиж цэнгэн баярлацгаав. Маргааш нь наран дөнгөж мандахтай зэрэгцээд нар, сарыг тайлах ёслолыг шинэхэн хосууд үйлдэцгээн тус тусын отог омог руу бэрүүдээ дагуулан одоцгоолоо. Караха, Мура хоёр шинэхэн бэртэй болсондоо хөл нь газар хүрэхгүй шахам баярлацгаажээ.

Караха хүүгээ ханьтай болохыг эхэндээ эрс эсэргүүцэж байсан билээ. Гэвч Мурагийн өмнө аргагүй хүчин мөхөсдсөн юм. Хорин жил ханилсны эцэст арайхийж хүүтэй болсон ч тэр нь байнгын асаргаа сувилгаатай хагас хэвтрийн хүн болж хувирсанд Караха өөртөө ихэд гуньж гутардаг билээ. Тийм хүн өрх толгойлж зах хязгааргүй их ой хөвч тайгын хатуу ширүүнд амьдарна гэдэг бараг боломжгүй зүйл. Насны өндөрлөг рүү мацаж яваа тэр хоёрын сэтгэлийг хүүгийнх нь ирээдүй хойч хамгийн их түгшээнэ. Тиймдээ ч Караха Мурагийн хүүдээ эхнэр авч өгөх саналыг зөвшөөрхөөс өөр аргагүйд хүрсэн юм. Эсэргүүцэж байсан нь Жүмисийг голж, шилсэндээ ч бус. Харин ч Жүмисээс өөр хэн нэгэн бүсгүйн нэрийг эхнэр нь хэлсэн бол тэр хэзээ ч зөвшөөрөхгүйд хүрэх байлаа. Энэ гэр бүлийн азгүй гутамшигт нууцыг ганцхан Жүмис л цааш нь хэнд ч задрааж, тайгын шившиг болгож чадахгүйд л Карахагийн сэтгэл бага зэрэг уужирсан хэрэг. Гэтэл өнөөдөр энэ бүхэн орвонгоороо эргэжээ.

-Жүмис. Охин минь хүлрийн өрмийг сайн цуглуулахын тулд бага зэргийн салхи гарахыг хүлээх хэрэгтэй. Их салхинд шүүж болдоггүй юм шүү. Өрмийг нь хүлэртэй холиод бүр зуурмаг бантан болгоод хаячихдаг юм гэж Мура намгийн дов сондуулуудын хоорондох хүлэрт усны мандлыг алгаараа зөөлөн илбэн, загссан өрмийг хичээнгүйлэн наалдуулж шүүрдэх зуураа өгүүлнэ. Жүмис ч дэргэд нь суугаад хадам эхийнхээ хэрхэн яаж хийж байгааг анхааралтай ажиглан толгой дохиж суулаа. Эх охин хоёр өдөржин намаг шүүрдэж хоёр ч жижиг бортого дүүрэн хүлрийн өрөм цуглуулжээ. Наран гудайх үед тэд хэсэг зуур амсхийгээд гэдрэг буцахаар болов.

-Одоохондоо ингээд л болоо доо. Ойрын нэг, хоёр сардаа хүүд минь энэ хангалттай хүрэлцэнэ ээ. Хамгийн чухал нь охин минь энэ эмчилгээг байнга, өдөр болгон хийх учиртай юм шүү дээ. Чухам энүүний чинь хүчинд Бодонч маань өдий зэрэгтэй яваа юм шүү дээ хэмээн Мура өгүүлээд хоолой нь зангиран,

-Тэр чинь Караха бид хоёрын нар юм шүү дээ. Ердөө цорын ганц… Жүмис чи минь ухаантай бүсгүй. Түүнийг минь сайн асарч, сувилж яваарай. Хөгшин бид хоёр хэр удахав дээ гэж санаа алдан өгүүлэв. Төдөлгүй хоёул замынхаа хүнсийг задлан тухалцгаав. Өлсч цангасандаа Жүмис хатсан загас, гахайн давсалсан махнаас том томоор зулгаан үмхэлж, хүүхэд шиг гэнэн цайлганаар инээмсэглэн ховдоглон залгилна.

-Аяар аяар, охин минь. Наад хоол чинь хөл ургаад гүйчихгүй. Бүсгүй хүн чинь ингэж хамаагүй юу олдсоноо ам, хамраа олохгүй чихээд байж болдоггүй юм. Бага багаар тайван идэхгүй юу гэж Мура инээмсэглэн өгүүлэхэд амаараа дүүрэн мах чихсэн Жүмис ичэнгүйрэн толгойгоо гудайлган дохьлоо. Тэгснээ гэнэт царай нь зэвхийрэн Мура руу айсан харцаар хэсэг харснаа ухасхийн босч гүйгээд зэргэлдээх бутны хажууд унаж тусан хүрч хүчтэй огиулан бөөлжиж эхлэв. Мура ч сандран ухасхийж,

- Яав охин минь. Юу болох нь энэ вэ? хэмээн үглэн нуруун дээр нь зөөлхөн дарж, -Юу идэж уучихсан хүүхэд вэ? Алив дотроо онгойтол бөөлж. Дараа нь булгийн уснаас залгилаарай. Тэгээд болохгүй бол дахиад бөөлж. Ээ чааваас гэж. Яачих нь энэ вэ гэж үглэнэ. Жүмис удтал хүчтэй огиулан хий бөөлжисний эцэст нулимсандаа халтартсан нүүрээ арчин инээмсэглэж, толгой сэгсрэв. Мура буруу шаан зэмлэж,

-Мэдэхгүй гэнэ шүү. Чамд ер нь мэддэг юм гэж байна уу. Мэдэхгүй, мэдэхгүй гэнэ шүү. Явъя энүүхэн булаг руу хүрье. Сайхан хүйтэн ус залгилчих. Дотор чинь онгойно гэлээ.

Булгийн хүйтэн уснаас ханатал залгисан Жүмис гэртээ харьтал дахин дотор нь муухайрсангүй. Мура түүнийг урц гэрт нь оруулж, дулаан хучиж хэвтүүллээ. Ямар нэгэн зүйлээс хордож эвгүйрхсэн байна гэж Мура таамаглаад шөнөжин элдвийн өвс, ургамлаа буцалган уулгаж, хурууных нь өндгийг хатган муу цусыг нь гадагшлуулж асарч бөөцийлөв.

Тэр дорхноо л Жүмисийн хацар ягааран, бие нь тавигдахтай зэрэг Мура тэссэнгүй баярлан хөөрч,

-За тэр би хэлээгүй юу. Чи хордлого авч дотор чинь эвгүйрхсэн байна. Дандаа л элдвийн өвс ногоо залгилж явах юм чинь аргагүй шүү дээ. Өлсөж үхэх гэж байгаа юм шиг. Наад гэдэс дотрыг чинь нээвэл эсэн бусын юм гарна даа. Ийм байхад дотор чинь яаж зүгээр байх болж байна аа. Энэ ой тайгад чинь хортой хоргүй өч төчнөөн өвс ургамал байна. Тэрнийг ялгахгүй хэрнээ хэдийнэ амандаа зуучихсан явах. Яаж болох юм. Одоохондоо хөгширсөн л харагдаж байгаа байх. Гэхдээ Мура чавганц чинь хөгшин, та гуравыгаа тийм ч амархан явуулчихгүй байх шүү. Надаас хойш л яадаг юм гэхээс. Би чинь муу ч үгүй удам судартай домч чавганцын зээ охин нь юм шүү гэж нэг үе бэрээ зэмлэж, басхүү өөрийгөө магтан бувтнана.

Маргааш нь жин үдийн алдад Мура тогоо дүүрэн бугын мах чанаж байх үед Жүмис гаднаас орж ирүүтэй л дотор нь муухайрч урц гэрийн хаяанд эвхрэн хүчтэй огиулав. Мура ч сандран дахиад бөөн өвс, ургамалын ханд бэлтгэн уулгалаа. Гэвч төдийлөн нэмэр болсонгүй. Үдэш орой түлээ оруулахаар гарахад Жүмис газар дөрвөн хөллөөд байдгаараа хий огиулан бөөлжиж байх нь тэр.

Мурагийн бие арзасхийх шиг болж сэтгэлд нь муу зүгийн совин хоосортол татав. Жүмисийг гэртээ даруй оруулж хэвтүүлээд хар зөнгөөрөө шинжиж эхэллээ. Сэжигтэй гэхээр шиж тэмдэг илэрсэнгүй. Харин хамрынх нь хянга дагуу үл мэдэг сэвхтэснийг ажиглав. Гэхдээ энэ сэвх Жүмист урьд өмнө нь байсан эсэхийг тэр сайн санахгүй байлаа. Гэлээ ч хаширлан тэр даруйдаа чихэр өвсний мөчир шатаан үнэртүүлтэл Жүмис ахиад л огиулав.

-Тэнгэр минь. Үгүй байлгүй дээ. Арай чи чинь … жирэмсэн гэж уулга алдан хэлээ хазан охиныг гайхан ширтлээ. Тэгснээ Жүмисийн толгойг болгоомжтой илбэн,

-Охин минь. Чамд нөгөө юу…Сарын шинж мэдэгдэж байна уу гэж итгэл муутайхан асуув. Охин өмнөөс нь юу ч ойлгоогүй байртай харна.

-Чи хэл дээ. Сарын шинж чамд ойрдоо ирсэн үү. Битгий санаа зов. Ээждээ хэлчих… гэж амьсгаа давхцуулан асуув. Жүмис хариуд нь толгой сэгсрэв.

-Хэр удаж байгаа юм бэ? Нэг үү, хоёр сар уу гэж хашгирах шахам асуухад Жүмис айсан байртаа гурван хуруугаа гозойлголоо. Мурагийн ухаан санаа балартах шиг болов. Түүний таамаг зөв байжээ. Гэнэтийн энэ явдал түүнийг аймшигтай цочирдуулав.

-Муу өгрийн нохой. Яаж чадаж байна аа. Даан ч яав даа гэж Мура арайхийн өгүүлэхэд хоёр нүднээс нь сувдан нулимс өөрийн эрхгүй асгарч, хацрыг нь даган урсав.

Сарын турш ан авд явсан Караха багагүй олз омогтой гэртээ эргэн ирлээ. Мура хүний урманд мэндийн үг ч сольсонгүй. Хүрлээр цутгачихсан юм шиг нэг ч үггүй, хүрлэгэр догшин царайлна. Уурлаж бухимдахаараа ингэж дуугаа хураадгийг нь Караха андахгүй мэдэх болохоор элдвийг асууж шалгаан уур цухлыг нь улам шатаахыг бодсонгүй. Тэгээд ч Бодонч хүүгийнх нь бие тэнхээ муудаж, ухаантай, ухаангүйн хоёрын хооронд байсан болохоор муудалцах нь дэмий хэрэг. Мура, Жүмис хоёр тэртээ тэргүй асар ч сувилаад хормын төдийд ч зав зайгүй. Караха дэмий л агнасан хэрэмнүүдээ өвчин, хандгайн мах эвдэж жижиглэсээр өдрийг барлаа.

            Үдэш орой болсон хойно Бодонч хүүгийнхээ бага урцнаас Мура ирлээ. Хүүгийн бие бага боловч дээрджээ. Эхнэр нөхөр хоёр оройн хоолны үеэр ч нэг үг сольсонгүй. Улам хүрлэгэр догшин болж, үзэн ядаж өширхсөн харцаар нэвт, шувт ширтэх эхнэрээ хараад Караха тэсгэлгүй,

-Чи чинь өдрөөс хойш яачихаад байгаа юм бэ? Загас шиг л дуугүй. Бүлх залгичихаа юу. Хахав даа гэж тавлаж үзэв. Бас л дуугарсангуй.

-Тэнэг эм шүү. Эр нөхрөө ингэж угтдаг балай эм энэ тайгад л лав чамаас өөр байхгүй. Сургаж өгөх цаг нь болж дээ. Золбин гичий шиг юундаа гайхуулаад байгаа юм гэж албаар ууртай дүр эсгэн дуугаа өндөрсгөхөд Мура хүний урманд царайгаа ч хувиргалгүй өмнөөс нь дуугүй ширтэн сууснаа,

-Чи ер нь бага эхнэр авъя гэж бодож байсан уу гэж эрсхэн асуув. Караха хэсэгхэн зуур гайхан эргэлзснээ,

-Үгүй чи чинь юугаа солиорч байгаа юм бэ? Бага эхнэр гэнэ шүү. Энэ аглагт ямар чөтгөр нь ингэж чамд шивнэдэг байна аа гэж унтууцав.

-Би чамаас асууж байна. Чи ер нь энэ тухай бодож байсан уу. Үгүй юу хэмээн Мура лавшруулахад Караха хэсэг зуур бодолхийлснээ бага зэрэг зөөлөрч,

- Чи хүүдээ л санаа зовоод байна аа даа. Удам угсаа тасрах энэ тэр гээд л. Би ойлгож байна аа. Гэхдээ энэ тухай би бодож байгаагүй ээ. Мэдээж эр хүн. Тэр тусмаа өрх толгойлсон тэргүүн насны эцэст үр хүүхдээ тойруулчихаад ач зээгээ бужигнуулаад сууж байвал сайхан л байхсан. Чи энэнд л бухимдаа юу. Зүгээр дээ Мура минь. Зүгээр. Надад та гурав маань л байхад боллоо. Өөр юу хүсэхэв дээ… гэхэд түрүүнээс хойш байж ядталаа цухалдан суусан Мура,

-Бодоогүй бодоогүй гэнэ ээ. Савдагууд наад хэлийг чинь сугалчихалтай билээ. Чиний юу хийж явдгыг би мэдээгүй, мэдэх ч үгүй гэж бодож байвал эндүүрэл шүү. Эрээ цээрээгээ алдсан муу хөгшин ухна гэж хашгичав. Караха тэсэлгүй инээд алдан хөхөрч,

-Ээ чааваас. Залуудаа үзэж байгаагүй юмаа одоо үзэх нь шив дээ. Хардах нь ээ. Ха ха. Өнөөх чинь хардаж байна гээч.

-Хардах ий.

-Тийм ээ, чи хардаад л байна ш дээ.

-Чиний хэнтэй яаж завхайрч явсныг би яаж мэдэх юм. Нүднээс далд, чихнээс хол чамайг яаж шүлэнгэтэж явсныг чинь би мэдэхгүй. Мэдэхийг ч хүсэхгүй. Ганц энд… хэмээн Мура орилон хуруугаараа чичлэж хашгичиж, -Миний гэрт л ингэхийг чинь амьддаа би хүлээн зөвшөөрөхгүй. Хэзээ ч үгүй шүү гэлээ. Караха бүр гайхаж хоцров.

-Чи чинь юугаа солиороод байна аа…

-Чи л болоод мэдэхгүй байна уу. Хийсэн хэрэг чинь нүдэн балай, чихэн дүлий өнгөрнө гэж бодоо юу. Тэр чинь жирэмсэн болсон байна гэх эхнэрийнхээ хашгиралтад Караха сүхээр цохиулсан юм шиг болов.

-Хэн…хэн гэж дэмий л бувтанахад,

-Жүмис…ойлгож байна уу. Жүмис гэж Мура нулимс цийлэгнүүлэн хэллээ. Гайхаж алмайрсандаа Караха эхнэрээ тас гөлрөн ширтэж,

-Тэнгэр минь…тийм зүйл гэж байх ёсгүй. Үгүй яалаа гэж… Би л…Үгүй ээ үгүй. Тийм зүйл болоогүй…гэж арайхийн үгээ зөөж ядан бувтнана. Мураг энэ үг улам бүр галзуурууллаа.

-Тэнгэрийн нэрийг дуудаад хэрэггүй. Тэнгэрийн нүдэн дээр төрсөн хүүгийнхээ эхнэрийг… Эрээгээ алдсан муу ухна. Одоо бас тэнгэрийг дуудна гэнэ ээ. Тийм зүйл болсон. Болсон… Мэдэв үү хэмээн яах ийхийн зууртгүй Карахаг тас хийтэл алгадаад,

-Ямар ч тайлбар, уран гоё үг одоо хэрэггүй. Чамаас өөр хэн байх юм. Бид хүний бараа хараагүй, тэднээс зугтаж хорин жил боллоо. Жүмис манайд ирээд яг хоёр жил болж байна. Тэгээд хэнээс гэж. Эр хүний эрхтэнгүй хүүгээс чинь үү гэж уйлагнан, -Хараал идэг чамайг. Өөр хэнээс тэр жирэмсэн болох юм бэ? Хэнээс… Чи хэлээд өг дөө. Цэцэгнээс үү, навчнаас уу. Аан. Хэлээд аль л даа чи… гэж эхэр татан уйллаа.

Караха юу ч дуугарч чадсангүй. Тийм зүйл огт болоогүй гэдгийг Мурад яаж тайлбарлах болж байна аа. Тэнэг эм чинь аягүйдвэл андуурснаас зайлахгүй… Андуурах ий. Тэр чинь домч шүү дээ. Мура андуурна гэж байхгүй. Тэнгэр минь юу л болоод байна даа… гэж тэр өөрөө өөртэйгөө цөхрөн ярьж суулаа. Мура дэргэд нь мэгшин уйлсаар…

Бүхэл шөнийн турш Мура, Караха хоёр цурам хийсэнгүй. Аймшигт хэрүүл маргаанаас хойш нэг ч үг дуугарсангүй. Үүр цайхын үед Караха ан авынхаа хэрэгслээ ачаалан, хүнс ногоогоо базааж эхлэв. Мура хаашаа яах гэж явах гэж байгааг нь мэдэхийг туйлаас их хүсч байсан ч асууж зүрхэлсэнгүй. Караха хөдлөхийнхөө өмнө түүнд,

-Би хойд их тэнгис явлаа. Ангид намайг тайгын үзүүр дээр арав хоногийн дараа тосч уулзана гэсэн. Хав загас агнана аа. Хамаг цана, чарганы ул элэгдэж гүйцлээ. Нөхөх арьс хэрэгтэй байна. Та нар минь сайн сууж байгаарай хэмээгээд сурсан зангаараа түүний духан дээр үнэрлэн, санчигных нь үсийг илбэн салах ёс үйлдэв. Тэгээд цаагаа хөтлөн хэд гурав алхаснаа эргэн харж,

-Тийм юм болоогүй шүү. Тэнгэр эцэг, этүгэн эхийн нэрээр андгайлъя. Бодсончлон зүйл болоогүй шүү. Би бүр учраа олохоо болиод байна. За за сайн сууж байгаарай даа гэж өгүүлээд цааш алхав. Карахагийн бараа далд орон ортол Мура нулимсаа барьж зогссоноо өөрийн мэдэлгүй тэнхэл нь тасарч өвдгөөрөө нахисхийн борхирон цурхиртал уйлан хоцров.

… Өдөр ирэх тусам Жүмисийн гэдэс томорч, нүүр царай нь сэвхтэж борлоод алхаа гишгээ нь туйлын зүдэргээтэй болж сав л хийвэл хаана ч хамаагүй нойрмоглон зүүрмэглэдэг боллоо. Энэ бүх доромжлолыг тэсч давах Мурагийн сэтгэлийн тэнхээ нь үе үе алдарч бэрийгээ элдвээр хараан зүхэж, муухай аашлан заримдаа цохиод авах нь ч энүүхэнд болов. Хоёр ч удаа хэвлий дэх үрийг нь зулбуулах эм тан уулган, өглөөний шүүдэр хяруун дээгүүүр хөл нүцгэн шүүдэр хаттал туучуулах боловч ямар ч нэмэр болсонгүй. Хамгийн цээртэй үйл бүхнийг үйлдэж байгаагаа тэр муухан ойлгож байсан ч бүрэн гүйцэт ухаарах билгийн мэлмийг нь Карахад гомдож өширхсөн хорсол, зэвүүцэл халхалсан байлаа.

Эцсийн эцэст Мурад эвлэрэхээс өөр арга даанч байсангүй. Үр удам нь тасарч, мөхөл сүйрэл нөмрөөд байсан энэ гэр бүлийш аврах цорын ганц найдвар нь Жүмисийн хүүхэд гэдгийг ойлгох хүртлээ тэр Жүмисийн хувьд жинхэнэ амилсан чөтгөр мэт авирлаж байв. Гэв гэнэтхэн ааш зан нь хувирч хэрцгий догшин болсон хадам эхийгээ тэрбээр сайн ойлгохгүй байсан ч энэ бүхэн гэдсэн дотор нь байгаа үл мэдэгдэх нэгэн амьтнаас болж байгаа гэдгийг хар зөнгөөрөө ухаарч байсан юм.

-Яахаараа гэдсэн дотор маань ийм ер бусын хачин жигтэй амьтан үүрлээд байна аа. Горхины ус ууж байхдаа жаламгай* залгичив уу, аль эсвэл өвсний толгойд ассан бор ширх санамсаргүй идчихсэн юм болов уу. Тэгээд л тэр нь гэдсэн дотор өсч томорч аймшигтай амьтан болж хувираад байгаа юм байна. Тэрнээс зайлахгүй гэж тэр бодно.

-Караха надад хэлж болно оо доо. Тийм юм болоогүй гэж зүтгээд байгаа юм даа. Надад хэлбэл би ойлгоно шүү дээ. Яахав тэнэг эм эхэндээ жаахан уурлаж зэмлэнэ л биз. Бага эхнэр авч болох л байсан. Хүүгийнхээ эхнэр биш л бол хэн ч байсан болно шүү дээ. Гэтэл ингэж хөөрхий муу Жүмисийг зайдалж л байдаг. Караха чи ч муу хүн юм даа. Ойн шүтээн биднийг гэсгээхдээ л гэсгээнэ. Нэгэнтээ л болоод өнгөрсөн явдал. Бодонч маань үртэй болж, удам угсаа маань цаашид үргэлжлэнэ. Болсон явдлыг Жүмис, Караха бид гурваас өөр хэн ч мэдэхгүй. Ямар гээчийн нүглэв дээ. Ийм л хувь тавилантай цас юм байлгүй дээ гэж Мура арга тасран бодно. Эвлэрхээр шийдснээсээ хойш Мура бэрээ ёстой алган дээрээ бөмбөрүүлэн асарч тойлов. Өдөр хоногууд урсан өнгөрсөөр нэг л мэдэхэд өвөл болжээ.

Хав загасны ангийн улирал хэдийн дуусч, анчид хэрэм булга үргэлжлүүлэн агнасаар нэг мэдэхэд гэрээс гарснаас хойш хагас жилийн нүүрийг үзжээ. Анчид гэдрэг буцахаар шийдэцгээв. Харин Карахад гэртээ харих ямар ч хүсэл сонирхол байсангүй. Жүмисийн жирэмсэн болсон нь хамгийн утгагүй, ойлгомжгүй ухаан санаанд багтамгүй явдал байлаа. Хэнээс яаж жирэмслэв. Эр бэлэггүй хүүгээс нь үү. Бодонч маань эр бэлгийнхээ оронд цоо хатгачихсан юм шиг нүхэн гуурстай. Хүүхэдтэй болохын чинээ санах ч хэрэггүй. Ганцхан гарц нь буруугүй мөртлөө буруутан болох би л шүү дээ. Өөр хэн ч биш. Мурагийн тэгж таамаглан бухимдах нь түмэн зөв гэж Караха чухам л тархиа ширгэтэл бодож явлаа.

Бүтэн зургаан сар илүү ангуучлахдаа энэ тухай эргэцүүлэн бодоогүй ганц мөч ч түүнд байсангүй. үргэлжийн л инээд наргиантай, дуу шуутай байдаг түүнийг дуугаа хурааж, байнга дүнсийн бодлогширчихсон явж байгаад анчид багагүй гайхжээ. Асууж шалгаагаад салахгүй болохоор нь Караха, би таауухан байна гэж худал хэлж амыг нь таглаж дөнгөнө. Анчид гэртээ буцахыг ятгаж, бид чамд нэг нэг хав загасны мах, сайхан элдэж утсан арьс явууламз гэхэд нь Караха шуудхан дургүйцжээ. Гэртээ л харихгүй бол Караха ертөнцийн хамгийн бөглүү алс буйд газарт ч очиход бэлэн байлаа.

Анчид тун барагтайхан олз омогтой хойд тэнгисээс гэдрэг буцацгаав. Хүн бүр л энэ авд сэтгэл дундуурхан байсан юм. Өмнөх жилүүдийнхээс бараг хоёр дахин бага хав загас, цөөн хэдэн хэрэм булга л агнажээ.

-Хойд нутагт эрхүүдүүд олширч суурин байгуулах болсноос ан амьтан үргэчихэж, тэнгэр эцэг, этүгэн эх тэднийг таалахгүй байна. тэдний нүгэлд бид ч бас гэсгээгдэж байгаа байх гэж анчид зам зуур гомдоллоно.

            Шинэхэн цасанд нэвсийтлээ дарагдсан сүрлэг хөглөгөр их тайгын дөнгөж зах руу ороход хоёр зарь чарганд хөлөлсөн зүүн цармын отгийн Борохул хөвгүүн их л яаруу сандруу тэднийг угтан айсуй.

Усан хулгана шиг болтлоо хөлөрч цан хүүрэг савсуулан уухилах цаагаа баруун солгойгүй хайрлалгүй шавхуурдснаас болж хондлойандгайн гуянаас нь цус шүүрсэн харагдана. Борохул ирмэгцээ чарганаасаа давхийн үсэрч буугаад хальт мөт мэнд мэдэхчээн болж, амьсгаагаа даран байж,

-Караха гуай. Болохоо байсан шүү. Танай… танай бэр Жүмис хэцүүдэж байна гэнэ. Хэзээ мөдгүй амаржих болчихоод… Амаржиж ч чадахгүй ухаан санаа нь балартаад тун хэцүүдэж байна гэнэ. Хоёр хоногийн өмнө Мура гуай танаа танай тэрүүгээр загасчилж явсан тэнгис отгийн загасчдад хэл хүргүүлж… Ирэхдээ удган ижийг заавал аваад ирээрэй гэсэн байна лээ. Тун хэцүү байгаа гэсэн шүү гэж хэлэв. Анчид тэр дорхноо л сандарч үймэлдэн Карахад хамгийн сайн гэсэн дөрвөн зариа чарганд хөллөн давхиуллаа. Карахад элдэвийг бодож эргэцүүлэх ухаан сөхөө ч байсангүй. Шууд л Үсэхү удганы отог руу зариудын тэнхээ мэдэн жирийлгэв.

-Юутай ч бид хүүхэдтэй болох нь. Юутай ч хүүхэд… Мура үнэн хэлж. Хүүхэдтэй болох нь байна шүү дээ хэмээн байдаг чангаараа хашгирч явлаа. Хөл хөнгөн зариуд төд удалгүй удганы отогт ирэв. Үсэхү удган бүхий л зүйлээ бэлтгэж базаагаад өөрийг нь хүлээж байжээ.

-Караха минь шалавлахгүй бол горьгүй нь. Оройтож мэднэ шүү. Түргэлж үз гэж Үсэхү удган яаруулна. Караха ч байдгаараа яаран хөллөгөөний этрүүдээ хайр найргүй шавхуурдан зүтгүүлнэ. Цас тэгтлээ их ороогүй болохоор зам цагаан, тарган зариуд салхи шиг довтлон жирийлгэнэ.

            Бүтэн өдөржин давхиулсны эцэст Үсэхү удган хөвчийн аглаг дахь Карахагийн хоёр урц гэрийн барааг шөнө хугаслан харлаа. Жаахан л оройтсон бол хоцорч мэдэхээр байлаа шүү гэж Үсэхү удган олзуурхангүй өгүүлнэ. Тэднийг Бодончийн урц гэрт ороход Жүмис ухаан балартаад удсан бололтой хамаг бие нь хөшиж, хүйт даачихсан угтав. Үсэхү Мурад, -Даруй ус бүлээтгэ гээд Карахаг, -Урц гэрийн хаяа хатавчийг даруй битүүлж мана. Түргэн гэж тушаав. Караха, Мура хоёр тэр даруй удганы хэлсэн зүйлийг ёсчлон гүйцэтгэв.

-Та хоёр одоо энд байх хэрэггүй. Би охиныг төрүүт та хоёр дээр өөрөө очино. Тэнгэр эцэг, этүгэн эхдээ сайн залбир. Гадаа түүдэг асааж галын бурханыг тахь. Түргэн гарцгаа гэлээ. Тэр даруйхан Караха, Мура хоёр урц гэрийн ойролцоо түүдэг асаан ан ав, олз омгийнхоо дээжээс галдаа өргөл өргөн тахиж, тэнгэр эцэг этүгэн эхдээ наминчлан залбирал үйлдэв.

            Шөнийн тэнгэр дэх үй түмэн одод зах хаянаасаа аажмаар шингэрч, хавирган сар улам тод гэрэлтэнэ. Үсэхү удган хэц хэнгэргээ дэлдэн онгон сахиусаа дуудан бөөлж эхэллээ. Урц гэр дотроосоо ер бусын цагаан шаргал гэрлээр нэвт гэрэлтэж, ууль шувуу хагшин, залуу чононы нурууны үс босом аймшигт улиан цангинав.

-Тэнгэр минь. Юу л болоод байна даа гэж Мураг дөнгөж хэлэхтэй зэрэг Жүмисийн аврал эрж ёолох зүрх зүсэм дуун хадлаа. Урц гэрийн оройгоос гүн хар огторгуйн дайд тийш нумарсан цагаан гэрэл агшин зуур цацран гийж, хавирган сар цусан улаан туяагаар будагдав. Төдөлгүй хүүхдийн часхийсэн дуу цангинан ододын гэрэл бөхөн тас харанхуй нүүрлэв. Харсаар байтал түүдгийн дөл бүүдийн, үнс чандруу нь эргэн биежин тэр дайруйхнаа том том гишүүний хагадас болон хувирч үл мэдэгдэх ёлтойсноо дахин дүрэлзэн асав. Мура айж балмагдсандаа Карахагийн энгэрээс зууран,

-Тэнгэр бурхан минь. Энэ чинь шулмын хүү байна. Шулмын хүү… хэмээн бархирав. Караха алмайрч хөшсөндөө нэг ч үг хэлж чадсангүй. Хүүхдийн өрөвдөлтэй гомдонгуй өнгөөр уйлан бархирах дуу урц гэрийн дотроос цуурайллаа.

            Төдий л удалгүй урц гэрийн үүд сөхөгдөн хөл дээрээ тогтож ядан гуйвах Үсэхү удган шинэхэн төрсөн хүүхдийг элгэндээ тэвэрсээр гарч ирлээ. Удган эх салганаж чичирхийлэх гар дээрээ хүүхдийг өөд нь өргөн,

-Мөнх хөх Тэнгэр эцэг минь, Эгүүрд тэжээн энэрэгч Этүгэн эх минь. Таны охиныг бид эсэн мэнд, энх тунх хүлээн авав. Газар тэнгэрийн олон сахиус савдгууд минь охины өмнө сөгдөгтүн. Тэр одоо хийгээд ирээдүйг захирах болно гэж хашгирав. Агшин зуурт их салхи дэгдэж үүлс хуйлралдан нүүн, түнэр харанхуй үүрийн цагаан гэгээнээр солигдон сар тунгалагшив. Мура, Караха нүүрээ газарт наан мөргөн сүсэглэнэ. Үсэхү удган Карахад хандан,

-Өөрийгөө буруутгах хэрэггүй. Жүмис цэвэр ариун. Тиймээс ч тэнгэр эцэг, этүгэн эх түүнийг сонгосон байх. Хэзээ ч үрийн зулай үнэрлэж үл чадах эрийн ариун эхнэрийг сонгосон нь тэдний санаа. Энэ бол тэдний хүүхэд. Таван нас хүрэх тэр цаг мөчид надад авчрагтун. Тэр намайг залгаж, надаас хүчтэй болно. Чи түүнийг тэнгис гатлан надад авчрагтун. Тэр төгсгөлгүй амьдрах болно. Бас газар сайгүй оршин байх болно. Надад авчиртал түүнийг хүссэнээрээ нэрлэ. Харин түүнээс хойш түүнийг Амуль гэх болно гэж хэлэв.

Хачин тунгалаг том цэнхэр нүдтэй өхөөрдөм хөөрхөн бяцхан охины аюулхайн тус газраас ер бусын зөөлөн             цэнхэр туяа цацарсаар аажмаар бүдгэрэв. Үсэхү удган охиныг тэврэн урцанд орохыг завдаснаа эргэн тэдэн лүү дөхөн ирж Мурагийн чихэнд ямар нэгэн зүйл шивнэв. Мурагийн царай хонхийж цайгаад, чичрэг туссан юм шиг уруул ам нь өмөлзөн бүх биеэрээ салганан чичрэв. Удган охин хоёрыг урц гэрт ормогц тэр ухаан балартан хөсөр унав.

…Энэ ер бусын үйл явдлаас хойш сар гаруйн турш Мура орноосоо ч өндийсөнгүй. Хэдийгээр бие тэнхээ нь эрүүл сайн байсан ч зүүдэндээ үргэлж хар даран хашгирч, өчүүхэн төдий зүйлээс ухаан мэдрэлээ алдтал айж цочих болов. Нэгэн шөнө тэрбээр ухаангүй хэвтээ Бодонч хүүгээ очиж харъя хэмээн Карахагаас гуйжээ. Караха түүнийг тэврэн бага урц гэр рүү дөхөж явтал гэнэт түлээний нойтон хөлдүү холдос дээр хөл нь халтирч тас гэдэргээ саван унах нь тэр. Бүх зүйл нүд ирмэхийн зуурт болж Мура урц гэрийн тулгуур модны шаантаг гадсан дээр яг ар нуруугаараа унаж нэвт шорлуулсан байлаа. Караха ухасхийн түүнийг тэврэхэд амнаас нь цус садран жавьжийг нь даган горхилон урсах боловч Мура үл мэдэг инээмсэглэн,

-Тэр үнэн хэлсэн байна. Гэсгээлээ эдлэх минь… хэмээн шивнэж амжаад амьсгаа нь тасалдав.

 

(Нийт: 4)